
Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хувийн сургуулиуд өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнд чууллаа. Хэвлэлийн хүрээлэн болон “Сэтгүүлч” коллеж хамтран энэ чиглэлийн үзэсгэлэн, яармагийг анх удаа зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн яармагт “Сэтгүүлч” коллеж, РТВДС, “Зохиомж” дээд сургууль, “Их Монгол” дээд сургууль, “Номун Далай” коллеж, УЗНАДС, зэрэг сургуулиуд оролцож байгаа ажээ. Оролцож буй сургуулиуд өөр өөрийн онцлог, сургалтын арга технологи зэргийг танилцуулж, тодорхой хуваарийн дагуу сургуулийн төлөөлөгчид мэдээлэл хийх юм байна. Сэтгүүлч мэргэжлийг сонгосон сургууль төгсөгчид холбогдох мэдээллээ нэг дороос авч, харьцуулан сонголт хийх боломж олгож байгаагаараа онцлог. “Өмнө нь олон төрлийн боловсролын үзэсгэлэн яармаг болдог байсан ч тэр дундаас сургуулиудыг сонгох нь бэрхшээлтэй байдаг байсан. Харин энэ үзэсгэлэнд яг нэг чиглэлийн сургуулиуд байгаа болохоор бидэнд амар байна” гэж үзэсгэлэнг сонирхохоор ирсэн сурагч хэлж байлаа.
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М. Мөнхмандах “Улаанбаатарт сэтгүүл зүйн 18 сургууль байдаг тэр дундаас харьцуулж өөрийн сургуульдаа орох боломжтой боллоо” гэж байсан бол Сэтгүүлч коллежийн захирал Р. Оюунцэцэг “Бусад сургуулийг нэг дор цуглуулж харилцан мэдээлэл солилцох боломжтойгоос гадна чанартай сургуульд оролцох боломжтой” гэлээ. Тус үзэсгэлэн яармаг энэ сарын 18-19-ний хооронд Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд болох юм.
Б. Болорсүх