Ана Иванович шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

Ана Иванович шөвгийн наймд шалгарлаа

“Австралийн нээлттэй тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд Сербийн Ана Иванович шалгарлаа.

Энэ сарын 13-нд Мельбурн хотноо эхэлсэн талбайн теннисний оны анхны “Их дуулга” тэмцээн болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ий ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын теннисчид эхнээсээ тодроод байна.

Тус тэмцээнд 14-т эрэмбэлэгдэн тоглосон Сербийн Ана Иванович дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямсыг 4:6, 6:3, 6:3-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор боллоо. Иванович хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Канадын Бучард, Австралийн Кэси Деллакуа нарын хэн хожсонтой нь тоглох юм. Мөн энэ хэсэгт тэмцээний дөрөвт эрэмбэтэй тоглож буй БНХАУ-ын Ли На Италийн Пеннетта нарын шилдэг теннисчид шөвгийн наймд шалгараад байна.

Өдгөө 26 настай, дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж явсан Ана Иванович 2008 оноос төдийлөн өндөр амжилтыг үзүүлж чадаагүй. 2008 онд тус тэмцээний шигшээд шалгарч байсан түүний хувьд энэ жилийн тэмцээнд 14-т эрэмбэлэгдэн тоглосон. Тэрээр дөрөвдүгээр тойрогт 17-т эрэмбэтэй Австралийн Саманта Стосурыг хожиж, Серенагийн эсрэг гарч ирсэн. "Род Лэйвер Арена"-д болсон өнөөдрийн тоглолт нэг цаг 46 минут үргэлжилсэн бөгөөд Иванович сүүлийн хоёр сэтийг 6:3, 6:3-аар өөрийн болгосноор цааш тоглох эрхийг авлаа.

Өдгөө 33 настай, мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны чансааг тэргүүлж буй Серена Уильямс өнгөрсөн жил хоёр ч "Их дуулга"-ын түрүүг хүртэж, WTA чансааг тэргүүлсэн хэвээр оныг үдсэн. Энэ жилийн "Австралийн нээлттэй тэмцээн"-ий дөрөвдүгээр тойрогт шалгарсан амжилт нь түүнд "Их дуулга" тэмцээний 60 дахь хожлыг авчраад байсан ч тэрбээр ирэх жилийн тэмцээнийг хүлээхээс аргагүйд хүрлээ.

Эрчүүдийн хувьд шөвгийн наймын эхний эрхийг тус тэмцээнд 2011 оноос дараалан гурав түрүүлээд буй Сербийн Новак Жокович(2), Испанийн Дэвид Феррер(3) нар аваад байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж