
Гаалийн байгууллага Монгол Улсын хилээр орж гарч буй бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт, бүрдүүлэлт хийж, татвар авах замаар Монгол Улсын төсвийн 30-40 хувийг бүрдүүлдэг. Өнгөрөгч 2013 онд гаалийн байгууллага 2.3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Харин 2013 оны төсвийн тодотголоор нэг их наяд 960 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байна. Үүнээс арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нэг их наяд, 624 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Төсөвт төвлөрүүлэх орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс буурсантай холбоотой гэж Гаалийнхан хэлж байна. Тухайлбал 2013 онд гаалиар орж ирэх автомашины тоо 4054-өөр багасч, 16.4 тэрбумын алдагдал хүлээсэн байна. Гэсэн ч дээрх үзүүлэлт нь гаалийн байгууллагын хувьд 2010 онтой харьцуулахад өндөр орлогод тооцогдож байгаа аж. 2014 онд гаалийнхан 1 их наяд 919.9 тэрбумын орлого төвлөрүүлэх үүрэгтэйгээс нэгдүгээр сарын байдлаар 52.4 тэрбумыг нь төвлөрүүлсэн байна. Энэ эрчээрээ явбал гаалийн байгууллага 2014 онд улсын төсөвт төвлөрүүлэх орлогоо 100 хувь биелүүлэх боломжтой гэлээ.
С.ОТГОН