Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина
Бизнесийг дэмжсэн татварын шинэчлэл хийхээр Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Энэ зорилтоо биелүүлэхэд түлхэц өгөх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэйуялдуулан өөрчлөхшаардлага бий. 1998 онд анх баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар борлуулалтын орлого нь 10 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгжүүд энэ төрлийн татвар төлөхөөр тогтоож, өнөөг хүртэл өөрчлөлгүй мөрдөж ирсэн юм. Шинээр боловсруулсан хуулийн төсөлд НӨАТ-ын босго хэмжээг 50 сая, сайн дураар бүртгүүлэх босгын хэмжээг 10 сая болгон өөрчилжээ. Босгыг ийнхүү өндөрсгөснөөр татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь НӨАТ-ын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөнө.
Сангийн яамнаас хийсэн тооцоогоор 2013 оны жилийн эцэст нийт НӨАТ төлөгчдийн дийлэнх нь 50 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын эдийн засаг хэд дахин тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ, бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого ч тухайн үеэс ихээхэн өссөн. 2000 онд ДНБ-ий хэмжээ 1.2 их наяд, татварын орлого 222 тэрбум төгрөг байсан бол 2013 онд ДНБ-ий хэмжээ мөн үеэс 14 дахин, татварын орлого 23 дахин өссөн байна.
Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжээс төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох өөрчлөлт оруулжээ. Гэхдээ энэ нь уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хамааралтай хөнгөлөлт юм.
Их наадмыг үндэсний спортын төрлүүдээр орон даяар хоёр үе шаттай явуулна. Эхний шатны тэмцээнийг аймаг, нийслэл, дүүргүүд оны эхний хагас жилд багтаан зохион байгуулна. Харин тэмээн полоны шигшээ тэмцээнийг 9 дүгээр сард эмнэг булгиулагч, уран уургач, бугуйлчдын тэмцээнтэй хамтатгана.
Наадмын үндсэн төрөлд үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ордог спортуудаас гадна монгол хүний эр зориг, авхаалж самбааг гайхуулсан, хувь тамирчны ур чадвар шаардсан, хөдөө орон нутаг, нийслэлийн иргэдийг тэгш хамруулах боломжтой тэмцээнүүд сонгож оруулжээ. Ингэснээр их наадмын үндсэн төрөлд дараах төрлийн тэмцээн багтлаа.
- Үндэсний бөхийн барилдаан
- Хурдан морины уралдаан
- Үндэсний сурын харваа (халх, урианхай, буриад, уламжлалт харваа)
- Шагайн харваа, ширээний шагай
- Морин спорт (эмнэг булгиулагч, уран уургач, бугуйлч)
- Тэмээн поло
Хөх ишиг, шагайн харваа, шагай няслах, ширээний шагай, панжиг, хорол, эвэр бухгэх мэт ястны ёс заншил, соёл уламжлалыг агуулсан тоглоом, наадгайн төрлүүдээр аймаг, сум, дүүргүүд орон нутагтаа тэмцээн зохион байгуулж болно.
Ихнаадмын үндсэн төрөлд багтсан спортын төрлүүдээр улсын хэмжээнд шигшээ тэмцээн зохион байгуулж, медаль хүртсэн тамирчдыг Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам"-ын дагуу мөнгөн шагналаар шагнана. Их наадмын шигшээ тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны төсвийн багцаас, I шатны тэмцээний зардлыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын төсвийн багцаас санхүүжүүлнэ. "Үндэсний спортын V их наадам"-ыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан дуусгах юм.
Товчхон:
- Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн, гаалийн байгууллагад хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулларгад шилжүүлэх журам баталлаа. Тухайн эд зүйлийг төрлөөр нь ялгаж музейн сан хөмрөгт шилжүүлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг ч өнөөг хүртэл ингэж бүртгэсэн зүйл байхгүй байсаар иржээ. Түүнчлэн, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад хураагдсан дурсгалт зүйлсийг одоо Гаалийн ерөнхий газарт хадгалж байгаа ба эдгээрийг холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгөх шаардлагатай байгаа юм. Иймд түүх соёлын дурсгалт зүйлсийг ССАЖЯ-нд нэгдсэн журмаар шилжүүлж, шаардлага хангасан орчин нөхцөлд хадгалж хамгаалдаг байхыг ийнхүү журамлалаа.
- Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн хайгуул, судалгааны ажлын зардлыг эгүүлэн төлүүлэх журам баталлаа. Тус төлбөрийг жил бүр улсын төсвийн бүрдүүлэлтийн тооцоонд тусгаж байх юм.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Тус хэлэлцээрт 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо талууд гарын үсэг зурсан юм.
- Шинээр байгуулагдаж байгаа Тахарын албаны даргаар дэд хурандаа Цэвээнравдангийн Азбаярыг томиллоо. Тэрбээр ЦЕГ-ын Төв архивын газрын даргаар ажиллаж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.