УИХ-ын дарга З.Энхболд симпозиумыг нээж хэлсэн үгэндээ, “Манай улсын ирээдүйн хөгжлийн стратегийг тодорхойлохын тулд эдийн засгийг солонгоруулах, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх нь хамгийн чухал ажлын нэг. Энэ бол өнөөдөр орон нутгийн хэмжээнд хийгээд өнгөрөх уулзалт биш, харин аймаг бүр өөрийн онцлогт тохируулсан хэтийн хөгжлийн стратегийг тодорхойлж байгаа үндэсний хэмжээний үйл ажиллагааны эхлэл юм.
Манай улсын практикт ямар улс төрийн хүчин төрийн эрхэнд байгаагаас хамаарч улс төрийн бодлого сонгуулийн циклээр дөрвөн жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгаа нь улс орны хэтийн бодлого алдагдаж байна. Иймээс цаашид эрх барьж байгаа улс төрийн намаас үл хамааран дунд хугацааны 50 жил, урт хугацааны 100 жил барих төрийн бодлогын стратегийг боловсруулж, уламжлалыг хадгалсан төрийн бодлогыг тогтвортой байлгах нь чухал гэлээ.
Улс орны хөгжжил нь нэг хүнд ноогдох ДНБ-ээр тодорхойлогддог. Гэхдээ орчин цагт улс орнууд хүний хөгжлөөр улсын хөгжлийг тодорхойлдог буюу эрүүл, ажилтай, баялаг бүтээдэг, иргэдээрээ хөгжлөө тодорхойлж байгаа нь “Хүний хөгжил” хэрхэн чухал болсныг харуулж байна гэв.
Уулзалтаар Улсын Их Хурлын дарга үндэсний хөгжлийн стратегийг зөвхөн өнөөдрөөр харах бус улс орны урт хугацааны буюу 100 жилийн хөгжлийн стратегийн бодлогыг харах асуудлыг хөндөж тавилаа.
Улсын Их Хурлын даргын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж байгаа“Үндэсний хөгжлийн стратеги” симпозиум Дархан-Уул аймагт гурван өдөр үргэлжлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.