Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Ийм нэгэн сайхан шүлэг бий. Харамсалтай нь Монголын нийгэмд олон охин хэн нэгний гэмт үйлдлийн золиос болж сэтгэлдээ насан туршийн шархтай хоцорч байна. Зарим нь гэмт хэрэгтнүүдийн мөнгө олох "хэрэгслүүр" болж байгаа.
Бага насны охидыг хүчирхийлсэн гэх аймшигтай мэдээ сонин хэвлэлийн хуудаснаас салдаггүй. Адгуус хүртэл үр төлөө гишгэдэггүй байхад аав нь охиноо, ах нь дүүгээ, өвөө зээгээ хүчирхийлсэн гэх сонсоход ч дотор муухайрам хэргийн тоо жилээс жилд өсөх болсон байна. Ялангуяа бага насны охидыг хүчирхийлэгчид нь ойр дотныхон нь байдаг талаар ч хуулийнхан ярьдаг. Биеэ хамгаалах чадваргүй, эмзэг сул байдлыг нь ашиглан гэр бүлийн хүчирхийлэл далд байдалд олон жил үргэлжилдэг болохыг холбогдох албаныхан баталдаг. Төрсөн эцэгтээ олон жилийн турш хүчирхийлүүлж, түүнийгээ ээжээсээ нуун амиа хорлохыг завдсан хэрэг ч гарч байсан. Гэр бүлийн хүчирхийлэгчид охидыг гэмт хэргийн золиос болгохдоо хамгийн хайртай хүнээр нь барьцаа болгодог нь худлаа биш. Хэрэв энэ талаар хэлэх нь бол ээжтэй чинь хамт хорооно шүү гэдэг үгээр өөрийнхөө бузар муухай хэргээ далдлахыг оролддог. Саяхан гэхэд 12 настай дагвар охиноо байнга хүчрхийлдэг байсан 56 настай эрэгтэй хэрэг олон нийтэд ол болсон. Мөн өнгөрсөн жил гэхэд наймхан настай охиныг цахилгаан шатанд хүчирхийлсэн хэрэг гарсан. Хуулийн байгууллагаас авсан мэдээгээр 2013 онд хүчингийн гэмт хэрэг нийт 260 бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс 9.7 хувиар өсчээ. Үүнээс 138 хэрэг нийслэлд бүртгэгдсэн нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 17.9 хувиар өссөн байна.
Өсвөр насны охидын эрх ашиг багагүй зөрчигдөж байгаа нь нийгмийн хамгийн эмзэг сэдэв болоод байгаа. Монгол охид хүн худалдаалах хэргийн золиос болж буй бөгөөд гэр бүлийн хүчрхийлэлд багагүй өртөж буйг хууль цагдаагийнхан ярьдаг. Тиймээс төрсөн аав, хойд эцэг, ах дүү хамаатан садандаа хүчирхийлүүлж, хэнд хандахаа мэдэхгүй хохирч яваа охидын эрх ашгийг хамгаалах форум удахгүй болох юм.
“Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ хамтран охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт аян зохион байгуулснаа зарлажээ. Уг аяныг өнөөдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ныг хүртэл өрнүүлэх аж. Аяны хүрээнд олон нийтэд дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Охидын эрхийн дуу” бүтээжээ. Тус уран бүтээлийг дуучин Д.Маралжингоо болон “Honeymoon” хамтлаг дуулж олон нийтэд хүргэх юм байна. Дууны клипэнд 4200 охин эрхийнхээ төлөө тэмцэж, флаш моб хийж оролцох аж. Мөн 200 охиныг хамруулсан “Охидын эрхийн форум”-ыг ирэх сарын 24-нд зохион байгуулах төлөвлөжээ. Энэхүү формын үеэр охидын бэлгийн хүчрхийлэлд төр засаг анхаарлаа хандуулах, Гэр бүлийн тухай хуулинд энэ талын зүйл заалтыг суулгах талаар хэлэлцэх юм.
Бэлгийн хүчирхийлэл өртсөн охидын хэрэг тэр болгон илэрдэггүй. Тиймээс өнөөдөр ч төрсөн аав, ээжийнхээ дарамтад өртсөн охид Монголд цөөнгүй байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Бусдын нүднээс далд олон охид хүчирхийлэлд өртөж байгаа. Хөдөө орон нутагт хохирогчийг хамгаалах тогтолцоо сул. Бүхэл бүтэн аймагт мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч байхгүй. Хүүхдийн амь нас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахад яаж ажиллах ёстой арга зам, механизм байхгүйгээс энэ төрлийн хэрэг сүүлийн жилүүдэд багагүй өссөн гэж холбогдох албаныхан ярьж байна.
Цэцэн шиг охидынхаа ирээдүйд сүүдэр татуулахгүйн тулд “Охид хүчирхийллийн бай биш” аяныг бүгдээрээ дэмжие.
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла! гэдэг шүү дээ.