Талбайн теннисний оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрөгч даваа гаригт эхэлсэн тус тэмцээний ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт буюу шөвгийн 16-д өрсөлдөх теннисчид эхнээсээ тодроод байна.
Харин хосын төрлийн тоглолтууд эхэлсэн бөгөөд эгч, дүүс Уильямсууд оролцохоос татгалзлаа. Винус Уильямсын зүүн хөлний гэмтэл сэдэрсэн тул тэд хосын төрлийг өнжихөөр боллоо. Эгч, дүү Уильямсын хувьд "Австралийн нээлттэй тэмцээн"-ий хосын төрөлд дөрвөн удаа /2001, 03, 09-10/ түрүүлээд байгаа бөгөөд тэд нийтдээ "Их дуулга"-ын 13 түрүүтэй аж. Мөн олимпийн их наадмын хосын төрөлд гурван удаа /2000, 2008 2012/ алтан медаль хүртсэн байна.
Винус Уильямс ганцаарчилсан төрлийн эхний тойрогт 22-т эрэмбэтэй тоглож буй ОХУ-ын Екатарина
Макаровтой оноолт таарч, 6:2, 4:6, 4:6-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямсын хувьд дөрөвдүгээр тойрогт шалгараад байгаа бөгөөд тэрбээр Сербийн Анна Иванновтчтой шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Анна Иванновийн хувьд Австралийн Саманта Стосурыг буулган авснаар дөрөвдүгээрт шалгарсан.
Австралийн агаарын дундаж хэм 40 градуст хүрч байгаа бөгөөд тоглолтын үеэр нь хэт халуун үргэлжилж байна.