Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг байлаа. Энэ хуулийн төсөл нь  2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т  тусгасан “төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна” гэж, мөн хөтөлбөрийн “өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого”-ын хүрээнд төлбөр тооцоо, бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийж гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтыг тавьсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44,464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93,733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлага гарсан учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсныг хууль санаачлагч Х.Тэмүүжин гишүүн онцолсон.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсан найруулгын төслөөр санал хурааж, 76 хувийн саналаар дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ингэснээр УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж