Говь-Алтай аймагт дахин сонгууль зарлагдсанд ард иргэд бухимдаж байгаа аж. Малчид хамгийн багадаа 30 км, цаашлаад 90 км явж байж саналаа өгөхөөс аргагүй гэнэ. Дээр нь сар шинэ дөхөж байгаа их ажил, хүйтний улиралтай давхцуулан сонгууль зарласан нь ард иргэдийн хувьд улам хүндрэл чирэгдэл учруулж байна гэжээ.
Нөгөөтэйгүүр, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь амьжиргааг доройтуулж байна гэдгээ хэлсэн аж.
Хоёр дахь асуудал нь тус аймгийн дархан цаазат газартай холбоотой юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2013 оны есдүгээр сарын 18-нд Говь-Алтай аймгийн Засаг даргад хандан Их, Бага дархан цаазат газрын хил хязгаарыг багасгаж алт олборлолт явуулах боломжоор хангах хүсэлтийг илгээсэнд алтайн иргэд ихэд бухимдалтай байгаа аж. Монгол Улсын ашигт малтмалыг олборлож болох ч дархан цаазат газар луу халдаж болохгүй. Уул уурхайн олборлолтын улмаас говийн эко систем алдагдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байхад дархан цаазат газартаа төр нь ядаж халдмааргүй байна гэдгээ иргэд илэрхийлжээ.
Энэ асуудалд Ч.Хүрэлбаатар гишүүн “Ч.Сайханбилэг сайдын тайлбарыг сонссон. “Валютын нөөц бүрдүүлэхийн тулд тийм шийдвэрийг Говь-Алтай аймгийн Засаг дарга руу явуулсан, гэхдээ энэ бол ээлжит бус чуулган зарласан үетэй давхцдаг. Ийм байтал асуудлыг одоо сөхөж буй нь дахин сонгуультай холбон улстөржүүлж байгаа хэрэг” гэж ярьж байна билээ.
Засгийн газраас илгээж байгаа бичиг бүхэн хариуцлагатай байх ёстой. Валютын нөөцийг бүрдүүлэхийн тулд алтаа ухна гээд дархан цаазат газар луугаа давшаад байвал энэ улс орон юу болж дуусах вэ. Үүний оронд Шинэчлэлийн Засгийн газар Оюутолгой төслөө урагшлуулах, хөрөнгө оруулагчдыг үргээх бус татах бодлого явуулах ёстой” хэмээн Ч.Хүрэлбаатар гишүүн хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Малчидтай уулзах үед тэтгэврийн насыг урагшлуулах шаардлага байгааг хэлж байна. Мөн малчдын хөдөлмөрийг хүнд хэлбэрт тооцох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөхгүй бол даатгалтай хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй. Алслагдсан аймагт эмчилгээ, оношлогоо тааруу байдгаас өвчнөө хүндрүүлдэг гээд бэрхшээл олон бий тул эдгээр асуудлыг даатгалын тогтолцоогоор дамжуулаад өөрчлөх талаас ажиллах хүсэлтийг алтайчууд дайсан тухай онцоллоо.
Говь-Алтай аймагт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат нараас гадна Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ц.Дашдорж нар ажиллажээ.