АЗХ-ны шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

АЗХ-ны шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо

Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит бус IV Үндэсний чуулган Өчигдөр хуралдлаа. Чуулганы хуралдаанд тус холбооны аймаг, дүүргийн салбар байгууллагуудын төлөөлөл болсон 200 гаруй залуучууд төлөөлөгчөөр оролцсон бөгөөд урилгаар Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг оролцож, намынхаа залуучуудтай санал бодлоо солилцсон юм.

Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит бус IV Үндэсний чуулганы хуралдаанаар тус холбооны үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, удирдлага, зохион байгуулалтаа шинэчлэх, үйл ажиллагааны ойрын зорилтоо тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Дэд Ерөнхийлөгч Н.Хүрэлсүх, Л.Нацагням нарыг холбооны дүрмийн дагуу сонгуульт албан тушаалаас нь чөлөөлж, шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулсан байна. Холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд тус холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Тэргүүн Ч.Аянга нар дэвшин өрсөлдсөнөөс чуулганы төлөөлөгчдийн 86 хувийн саналаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болор ялалт байгуулж, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Харин холбооны Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн О.Магнай, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Цэлмэг, Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүн Д.Бадарсан, Г.Энх-Амгалан болон “Монголын Лектор” төвийн захирал Ц.Баатархүү нар нэр дэвшин өрсөлдсөнөөс Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн О.Магнайгаас бусад нэр дэвшигчид буюу Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүн Д.Бадарсан, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Цэлмэг, “Монголын Лектор” төвийн захирал Ц.Баатархүү, Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүн Г.Энх-Амгалан нар чуулганы төлөөлөгчдийн олонхийн саналаар холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Баярбаатарын БОЛОРЫН ТОВЧ НАМТАР

Төрсөн газар, он :
1978 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил, эрдмийн зэрэг:
1997 онд Бельги улсын Антверпен хотноо Европын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:
1997-2000 онд Төрийн өмчит “НИК” компанийн Гадаад харилцааны мэргэжилтэн
2001-2006 онд аялал жуулчлалын “Гарьд Тур” ХХК-ийн Ерөнхий захирал
2006-2008 онд “Тиара Монголиа”  төслийн удирдагч
2008 оны 12 дугаар сараас Гадаад Харилцааны Дэд сайд

Гадаад хэл: Англи, Орос, Франц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж