
Айпляардынхны долоон настай Элизабет, дөрвөн настай Ребекка охид хамтран нэгэн амтлаг хэрнээ ашигтай бизнес эрхлэн явуулдаг байна. Тэдний бизнес их энгийн. Охид интернэтээс тоглоом, чихэр бөөнөөр худалдаж аваад үүнийгээ чимэглэж боож, баглаад бусдад худалддаг гэнэ. Охидын ээж Рэчилийн хэлснээр том охин нь мөнгө хэрхэн олдгийг сонирхон, судалснаар энэ бизнест хөл тавьсан байна. Тэд “eBay”-г үзэж байгаад ухаалаг санаагаа олсон бөгөөд аав Петер, өвөө Билл нараасаа хөрөнгө оруулалт авчээ. Ингэхийн тулд охид бүр жинхэнэ бизнес төлөвлөгөө хүртэл бичсэн гэнэ. Үүгээр ч зогсохгүй охид, гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар өнгөрсөн Зул сарын баяраар “Зөвхөн хүүхдүүдэд” нэртэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь их амжилттай болжээ. Тэд яг том хүн шиг тооны машин тогшин тооцоо хийж, бичиг цаас хөтлөн суух нь үнэхээр өхөөрдөм гэж охидын ээж ярьсан байна.
Ухаалаг охид бяцхан бизнесээсээ олсон орлогоо цуглуулж, их сургуулийнхаа төлбөрийг төлөх гэнэ. Элизабет эрдэмтэн, судлаач болох хүсэлтэй бол дүү Ребекка нь зохион бүтээгчийн ажлыг сонирхож байгаа аж.