…Төв аймгийн Зуунмод хотынхон хог ачих машингүйгээс хогондоо дарагдах болсон талаар гомдолложээ. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболдод энэ талаарх хүсэлтээ бичгээр өгсөн ч хариу үгүй байгаа гэнэ. Аймгийн Хот тохижуулаа газрынхан болохоор нэг кран, нэг хогны машин өгөхөөр болсон гэж тайлбарлаж байгаа ч яаравчлахгүй бол хоттой хогноосоо салж амжилгүй могой жилийг үдэх нь хэмээн Зуунмод хотын иргэн мэдээлжээ.
…Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хог ачаагүй дөрвөн сар болж байгаа ажээ. Сар бүр хогны мөнгө тогны мөнгөн дээр нэмж тооцон авч байгаа ч хогоо ачилгүй бүтэн улирлыг үдсэнд иргэд бухимдаж байна. Долоо хоногтоо байг гэхэд сардаа нэг удаа хогоо ачаад байвал айлуудын хог хуримтлагдахгүйн дээр гуу жалгаар хур хог үүсэхгүй байх боломжтойг тэд тодотгожээ. Хог нь хашаандаа багтахаа байхаар гаргаж асгахаас аргагүйд хүрсэн гэнэ.
…Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Их Дарь эхийн нийтийн эзэмшлийн талбай буюу явган хүний зам дээр иргэн Энхжаргал гэгч их хэмжээний блок овоолон тавьснаас өглөө эрт, үдэш оройн цагаар явган хүмүүс автозам дээгүүр явахад хүрчээ. Автозамын хажууд овоолсон хогийг тойрч яваад осол аваар тохиолдвол тухайн иргэн хариуцах уу, хэлсээр байтал энэ байдлыг засуулаагүй хороо, дүүргийн дарга нар хариуцах уу гэдгийг иргэд асуусан байна. Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байхад газрын алба, хорооны дарга, дүүргийн Засаг дарга нар арга хэмжээ авахгүй байгааг мөн дуулгасан байна.
Энэ мэт жишээ олон бий. Нийтийн ээмшлийн зам талбай хэнд ч хамааралгүй мэт байдаг ч хүн бүрт хамаатай талбай байдаг. Өөрийнхөө нэр дээрх газар, гэр орноо цэвэрлээд амждаг ч нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн мэт санаа зовж эхэлсэн нь сайшаалтай. Харин хогийг цэвэрлэх үүрэг хүлээн, цалин цагааг нь авч буй зарим газар ийн хойрго хандаж байгааг холбогдох албан тушаалтнууд анхааралдаа авна уу.