Aюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургууль хийв

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Aюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургууль хийв

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран аж ахуйн нэгжүүдийн дунд Эрүүл аюулгүй ажлын байр эрхэмлэгч байгууллага шалгаруулах уралдаан зарласнаа дүгнэж өнөөдөр тэргүүлэгчдийг зарласан байна. Жилээс жилд оролцогчдын тоо өсч байгаа бөгөөд хоёр дахин нэмэгджээ.

 “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах арга хэмжээг өнөөдөр Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь Татах хэсэг дээр Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургууль хэлбэрээр зохион байгууллаа. Үүнд Хөдөлмөрийн яам, түүний харъяа газрууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн төв, ХАБЭА-н ажилтан, хөдөлмөрийн эрүүл ахуйч нар, болзолд шалгарсан байгууллагууд, Орхон, Ховд, Сэлэнгэ аймгийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо. Мөн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, дэд сайд Ж.Батхуяг, МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа  Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын нэгдүгээр орлогч дарга И.А Домбровский, Улаанбаатар төмөр замын “Улаанбаатар татах хэсэг”-ийн дарга Н.Хуяг-Эрдэнэ нар оролцож, шалгарсан байгууллагуудад шагнал гардуулсан юм.

Үзүүлэх сургуулийн үеэр УБТЗ-ын Улаанбаатар дахь Татах хэсэг, “MCS” интернейшнл ХХК-ний Ухаа худаг салбар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – Зүүн өмнөд бүсийн салбар” ТӨХК зэрэг байгууллага  ХАБЭА-н талаарх ажлын арга туршлага, хийж байгаа ажлынхаа талаар тодорхой мэдээлэл хийв. 

ХАБЭА-н үр өгөөжтэй менежмент нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгааг ажилчдаа тогтмол  өгдөг, “5Т”-ийн зарчмыг ажлын байранд мөрдлөг болгож, санамж, сэрэмжлүүлгийг шаардлагатай газарт байрлуулж, үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлдэг, ажилчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, чийрэгжүүлэх, ажилчдын стресс алжаал тайлах, нөхөн сэргээх сувилал ажиллуулж байгаа зэрэг “УБТЗ”-ын Улаанбаатар дахь Татах хэсгийн ХАБЭА-н ажлын арга хэлбэр,  туршлагыг үзүүлэх сургуульд оролцогчид үйлдвэрлэлийн ажлын байраар явж үзэж, танилцсан юм.

Мянга сонсохоор нэг үз гэгчээр ХАБЭА-н ажлын туршлага аргыг судалж танилцах, санаа авах, эрүүл аюулгүй ажлын байрны нөхцлийг бий болгох, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал арга хэмжээ болсныг оролцогчид дүгнэж байв.  

 “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар энэ удаад УБТЗ-ын Улаанбаатар дахь Татах хэсэг, Сэлэнгэ аймгийн “Хөтөл цемент шохой” ХК, “MCS” интернейшнл ХХК-ний Ухаа худаг салбар, “Витафит”, “Тэсо” ХХК-иуд мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – Зүүн өмнөд бүсийн салбар” ТӨХК, Ховд аймгийн “Дөргөний усан цахилгаан станц” ТӨХК, Орхон аймгийн – Баян-Өндөр сумын тавдугаар цэцэрлэг зэрэг байгууллага шалгарсан байна.

Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилчдыг ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгжээс явуулж буй үйл ажиллагаа, гаргаж буй санал санаачлага, ажлын зөв эхлэл, туршлагыг урамшуулан дэмжихэд энэ болзолын  үндсэн зорилго чиглэгдсэн байна.

Хөдөлмөрийн яамнаас ХАБЭА-н хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ХАБЭА-н менежмент системийг үр дүнтэй нэвтрүүлж, ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах нөхцлийг хангах, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмчилгээ сувилгаанд хамруулах, үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах талаар санаачлагатай үр дүнтэй ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг жил бүр шалгаруулж дүгнэх аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж