Э.Батшугарыг ҮСХ-ны зөвлөлийн гишүүнээр томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Э.Батшугарыг ҮСХ-ны зөвлөлийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний Статистикийн Хороо/ҮСХ/-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд нэр дэвшигч бүрээр санал хураан баталлаа.

Статистикийн тухай хуульд зааснаар ҮСХ-ны зөвлөл нь долоон гишүүнтэй байх бөгөөд дарга нь тус хорооны дарга байхаар заасан аж. Харин зургаан гишүүний гурвыг УИХ-ын холбогдох байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газраас санал болгож УИХ томилохоор заажээ.

Энэ дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг, Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Цогтгэрэл нарыг тус тус санал болгосон байв.

Ингээд нэр дэвшигч бүрээр санал хураалгахад Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар гишүүдийн 83.9 хувь, Э.Цогтгэрэл 86.8 хувь, Б.Шинэбаатар 88.9 хувь, Х.Ганцогт 90.7 хувь, М.Оюунчимэг 90.7 хувь, Ж.Батсайхан 86.8 хувийн санал тус бүр авч ҮСХ-ны зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Тэднийг ҮСХ-ны зөвлөлийн гишүүнээр томилохын өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргаа муудаж байхад Үндэсний статистикийн хорооноос сар бүр иргэдэд өгдөг мэдээлэл эсрэг гардаг гэж шүүмжиллээ. Гэвч үүнийг ҮСХ-ны дарга Т.Мэндсайхан үгүйсгэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж