Бан Ги Мүн их гүрнүүдийн халаасыг тэмтэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Бан Ги Мүн их гүрнүүдийн халаасыг тэмтэрчээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн иргэний дайны хохирогчдод хандив цуглуулах бага хурлыг өчигдөр /I.15/ Кувейтэд зохион байгуулжээ. Хурлын үр дүнд Араб болон Барууны хөрөнгөтөн орнууд Сирийн иргэдэд тусламж болгож нийт 2.4 тэрбум ам.доллар хандивлахаа амласан байна.

Эдгээрээс бага хурлыг удирдан явуулсан Кувейт улс Сирийн иргэдийн төлөө 500 сая ам.долларыг халааснаасаа гаргаж, өгөөмөр загнажээ. Харин хөрш Саудын Араб, Катар улсууд 60 сая ам.долларыг зөвшөөрсөн байна. Хуралд АНУ-ыг төлөөлөн оролцсон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 380 сая ам.долларыг Нэгдсэн улсын зүгээс Сирид хүмүүнлэгийн тусламжийн хандив болгон өгөхийг мэдэгджээ. Түүнчлэн Их Британи 100 сая фунт стерлинг /164 сая ам.доллар/, Европын холбоо 165 сая евро /224 сая ам.доллар/ Сирид туслах НҮБ-ын хүмүүнлэгийн санд хандивлахаа амласан байна. Харин Сирийн 200 мянга гаруй дүрвэгчийг эх орондоо орогнуулж буй Ираны талаас 13 сая ам.долларыг өгөхөөр болсон гэнэ. Түүнчлэн Исламын хамтын ажиллагааны байгууллага 407 сая,  Япон 120 сая, Норвеги 75 сая, Итали 51 сая, Дани 35 сая, Швед, Швейцари тус бүр 35 сая, Ирланд, Франц тус бүр 27.6 сая, Нидерланд 18 сая, Оман 10 сая, Австрали 9, Бельги 7.6 сая, Люксембург 7 сая ам.долларыг хандивлажээ. Ийнхүү Бан Ги Мүн нэгэн цагт Сири рүү дайрахаар үгсэн тохиролцож байсан АНУ тэргүүтэй Барууныхан болон тэднийг араас нь дэмжихээ амлаж байсан Арабын орнуудын халаасыг сайн үйлсийн төлөө амжилттай тэмтэрчээ.

НҮБ-ын зүгээс Сирийн дайны хөлд зовж буй 9.3 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд 6.5 тэрбум ам.долларын хандив цуглуулах хэрэгтэй байгаа юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж