Номын баярт Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, БШУЯамны дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, МОХ-ны Ерөнхийлөгч Х. Батсайхан, Спортын бэлтгэлийн төвийн удирдлага, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, Монголын спортын холбоодын удирдлага, их, дээд сургууль, коллежийн багш дасгалжуулагч нар, Универсиад 1973 наадмын аварга, гавьяат тамирчин Ц.Нацагдорж, Универсиад 1977 наадмын алтан медальт, хөдөлмөрийн баатар З.Ойдов, Универсиадын аварга М.Бундмаа, Б.Сугаржаргал, Х.Энхдэлгэр нар болон наадамд оролцож явсан үе үеийн алдарт оюутан тамирчдын төлөөлөлүүд болох зэрэг 70 орчим зочид уригдан оролцлоо.
Номын баярт спортын чиглэлээр бичиж, нийтлэл гаргадаг төвийн 30 гаруй хэвлэл, мэдээлэлийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нар оролцсон юм. МОСХ-ноос “Оюутны спорт, Универсиад наадам” номын дээжээс нь спортын сэтгүүлчдийн ажлын хэрэгцээнд нь зориулан бэлэг болгон өглөө. Тус ном нь 186 хуудастай, өнгөт хэвлэлээр гадаадад хийгдсэн, хатуу хавтастай, А4 хэмжээтэй, 23 хэвлэлийн хуудас бүхий материал олон төрлийн мэдээлэл, зураг орсон байна.
Энэхүү ном нь олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) 65 жилийн ой, дэлхийн оюутны Универсиад наадам зохиогдсны 55 жил, Монголын оюутны спортын холбооны 25 жилийн түүхт ойн баяруудад зориулагдан гарч байгаа ажээ. Уг ном нь дөрвөн бүлэгтэй.
Нэгдүгээр бүлэгт: Дэлхийн оюутны спортын хөгжлийн түүх,
Хоёрдугаар бүлэг: Олон улсын оюутны спортын холбооны тухай
Гуравдугаар бүлэг: Дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” их наадам
Дөрөвдүгээр бүлэг: Азийн оюутны спортын холбоо, спортын тэмцээнүүдийн тухай асуудлууд оржээ.
Уг номыг БШУЯамнаас бүх их, дээд сургууль, коллежиудын оюутны биеийн тамирын хичээл, сургалтанд зориулан ашиглахыг зөвлөмж болгосон ба удахгүй 21 аймаг, нийслэлийн сургуулиудад хүргэгдэх гэнэ. Спортын салбарынхан 2014 оны салхийг хагалан номын баяраа тэмдэглэж байгаа нь биеийн тамир, спортын багш, дасгалжуулагч, тамирчид, удирдлагууд ихэд бэлэгшээн шинэ ондоо номын хур улам ихээр бууж, тэдний оюуны мэлмийг нээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.