Багшийн ёс зүйн дүрмийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Багшийн ёс зүйн дүрмийг шинэчилнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг сайжруулахаар болжээ. Дүрмийг ажлын хэсэг томилон боловсруулсан бөгөөд салбарын хүрээнд хэлэлцүүлэх учиртай юм. Үүний дараа саналуудыг нэгтгэнбүрэн боловсруулан батлах юм байна. Хэлэлцүүлгийг өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас  40 дүгээр бүрэн дунд сургууль дээр сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд, албаныхныг оролцуулан зохион байгуулж байна. Дүрмийн талаар Ажлын хэсгийн гишүүн, 92 дугаар дунд сургуулийн багш, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Ч.Алтанцэцэгээс тодрууллаа.

-Дүрмээр ёс зүйн шинэчлэлтийг хэрхэн хийх вэ?

-2007 онд батлагдсан ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны журмыг өөрчлөх шаардлагатай болсон. Боловсролын чанарыг дээшлүүлэх талаарх шаардлага, бодлого өөрчлөгдсөн. Хоёрдугаарт, боловсролын харилцаанд оролцож буй хүмүүсийн хоорондын харилцааг тодорхой хуульчлах шаардлагатай болсон юм. Тиймээс энэ удаад журмыг өөрчилж байна.

-Боловсролын ажилтнуудын ёс зүйг сайжруулна гэж ярьсаар ирсэн. Энэ журманд хэрхэн өөрчлөхөөр тусгасан бэ?

-Урьд нь хүүхдэд боловсрол олгоход багш, сурган хүмүүжүүлэгчдийн дүрмийг баримталдаг байсан юм. Энэ удаагийн дүрэм багш, удирдах ажилтнуудын хоёр талын хоёулангийнх нь хамааралтай дүрэм болоод байгаа юм.Өөрөөр хэлбэл, удирдах ажилтны ёс зүйг ярьдаггүй байсан бол одоо хамааруулдаг болсон. Энэ мэт шинэчилмээр асуудлыг дүрмэнд оруулсан.

-Ёс зүй зөрчсөн багш, удирдах ажилтанд хэрхэн хариуцлага тооцох вэ?

-Хуучны тогтолцоо, үзэл баримтлалаар бол ёс зүй зөрчсөн гэдэг нь тодорхой болвол хуулийн дагуу арга хэмжээ авах, эсвэл цалингийн тодорхой хувиар торгох байдлаар хариуцлага тооцдог байсан. Энэ хариуцлагын арга хэмжээг одоо тухайн багш, удирдах ажилтны сэтгэл зүйг дэмжих үүднээс  өөрчлөхөөр шийдсэн. Хүүхдийг сурган хүмүүжүүлэгч нь өөрөө ёс суртахуун, мэдлэг чадварын хувьд  дээд хэмжэээд байх ёстой учраас хариуцлага тооцохыг ингэж сэтгэхүй, ухамсраар засан өөрчлөх арга нь илүү үр дүнтэй учраас шинэ арга барилыг хэрэгжүүлэх талаар тусгасан юм. Тодруулбал, хариуцлага бага зэрэг зөөлөрсөн гэсэн үг.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж