-Өнгөрсөн 2013 онд улсын төсвийн орлогыг голлон бүрдүүлдэг нүүрсний экспорт багасч, үнэ ч тогтворгүй байлаа. Энэ жилийн хувьд үнэ, нийлүүлэлтийн тал дээр ямар байх төлөв ажиглагдаж байгаа вэ?
-Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ 30-40 хувиар буурсан. Энэ онд ч нүүрсний үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байна. Яагаад гэвэл, манай нүүрсний гол худалдан авагч болох Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгчдийн тоо олон болсон. Жишээлбэл, Орос, АНУ олон сая тонноор нь Хятад руу нүүрс нийлүүлж эхэллээ. Индонез, Африк, Австрали зэрэг орнууд нүүрснийхээ татварыг бууруулах замаар экспортын хэмжээгээ нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр үнэ унасан ч, нүүрс экспортлогч улсууд экспортынхоо хэмжээг нэмэгдүүлж эрсдэлээс сэргийлж байна. Нийлүүлэлт өсөхийн хэрээр өрсөлдөөн ч ширүүсч эхэллээ. Зах зээлийнхээ зарчмаар нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан учраас үнэ өсөх магадлал ч дагаад багасна. Тиймээс энэ жил нүүрсний үнэ сэргэх төлөв ажиглагдахгүй байна гэж шинжээчид дүгнэж байгаа. Ийм үед манай улс зардлаа бууруулахаас өөр арга байхгүй л дээ. Ингэж байж нүүрсний экспортынхоо үр өгөөжийг сайжруулна. Түүнчлэн төмөр замын төслөө яаравчилж, хилийн боомтынхоо хүнд суртлыг арилгах, урт хугацааны яриа хэлэлцээр хийж найдвартай түнштэй байх асуудал дээр анхаарах хэрэгтэй. Чанартай бүтээгдэхүүнээ урт хугацаанд тогтвортой үнээр нийлүүлэх асуудал дээр анхаарахгүй бол зах зээлээ алдах аюул ойрхон ирсэн.
-Манай улсын нүүрс импортлогч томоохон компаниудын захирлууд “энэ жил нүүрсний үнэ ханш өсөхгүй учраас хүнд байдал үргэлжилж, алдагдалтай ажиллах төлөвтэй байгаа” гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл Уул уурхайн яам ямар таамагтай байгаа вэ?
-Нүүрсний үнэ олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөнө. Жишээ нь, АНУ, Германы эдийн засаг хүчтэй сэргэж эхэллээ. Дагаад Хятадын экспорт сэргэснээр нүүрсний импорт нь өсөх нь тодорхой. Гэхдээ Хятадын бусад улс орноос авах нүүрсний хэмжээ нэмэгдэж, эсрэгээрээ манайхаас импортлох нүүрсний тоо хэмжээ буурах ёсгүй юм. Ингүүлэхгүйн тулд бид өөрсдөө л ажиллах ёстой. Нүүрсний үнэ өснө, буурна гэж идэвхгүй таамаг дэвшүүлж, харж суухаас илүү зардлаа бууруулж тоо хэмжээгээ өсгөж явах ёстой. Таамаг дэвшүүлэхэд, АНУ, Германы эдийн засаг эрчимтэй өсвөл Хятадын экспорт сэргэхээс гадна Хятад улс баруун хот хэсгээрээ хотжилтоо сайжруулж, томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа юм билээ. Ингэснээр ган, төмрийн хүдрийн хэрэглээ ихэснэ. Үүнийг дагаж нүүрсний борлуулалт дагаж өсөх магадлалтай.
Цаашдаа манай улс гадаадын хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлж импортоо буурлахаас өөр арга байхгүй. Уул уурхайн салбарт гэхэд шохой зэрэг бүтээгдэхүүнийг заавал импортоор авах шаардлагагүй шүү дээ. Аль болох дотооддоо үйлдвэрлэвэл байгаа хэдэн доллараа гадагшаа гарахаас сэргийлж чадна.
-Тэгвэл энэ онд зэсийн үнэ ямар байх төлөвтэй байна вэ?
-Зэсийн хувьд мөн адил сэргэх магадлал бага. Манай өмнөд хөршийн эдийн засаг өндөр өсөлттэй гарч чадахгүй байгаа нь зэсийн үнэд шууд нөлөөлж байна. Хятадын эдийн засаг өндөр өсөлттэй байвал зэсийн хэрэглээ дагаж өсдөг үг. Гэхдээ зэсэн дээр ч гэсэн нүүрс шиг нийлүүлэлтийн илүүдэл үүсээд байгаа. Хятадын хэрэглээнээс давсан нийлүүлэлт үүсчихсэн. Дээр нь Хятад их хэмжээний зэс нөөцөлсөн байгаа. Энэ нь одоогийнх нь хэрэгцээнд хангалттай байгаа ч, тэд зэс импортолсоор л байгаа. Тийм учраас зэс экспортлогчдын өрсөлдөөн улам ширүүсч байна шүү дээ. Хятадад Чили, Африкийн орнууд, Перу, Орос зэс нийлүүлж байна. Эдгээр улс цаашид тоо хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхол их байна. Тиймээс манай улс зах зээлээ алдахгүйн тулд улам л тэлэх бодлого барина. Ер нь урт хугацаандаа гуравдагч зах зээл руу гарах нь хамгийн найдвартай. Япон, Солонгос зэрэг орнуудад зэсийн хэрэглээ нэлээд өндөр байгаа. Тиймээс эдгээр оронд бүтээгдэхүүнээ хэрхэн нийлүүлэх вэ гэдэг нь манай урт хугацаанд хэрэгжүүлэх хамгийн зөв стратеги юм.
-“Оюутолгой” компани өнгөрсөн онд хэчнээн тонн зэс экспортолсон бэ. Энэ жил хэдийг экспортлохоор төлөвлөөд байна вэ?
-“Оюутолгой” 2013 онд 200 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, гэрээний дагуу борлуулсан. Гэхдээ өнгөрсөн онд борлуулалт хил, боомт дээр гацсан зүйл гарсан. Энэ онд дор хаяж 600-700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортод гаргахаар төлөвлөж байгаа. Энэ тоо бас манай боомтын нэвтрүүлэх хүчин чадал, замын бүтээн байгуулалтаас хамаарч өөрчлөгдөж болно.
-Манай улс эрдэс бүтээгдэхүүний үнэ гэж ярихаас илүү өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй юм биш үү?
-Манай улс олон улсын зах зээлийн үнийг тогтоож, түүнд нөлөөлж чадахгүй. Үнэ бирж дээр манайхаас хамаарахгүйгээр хэлбэлзэж байдаг. Тиймээс бидний ганц чадах зүйл бол зардлаа бууруулж, аль болох үр ашгаа сайжруулах. Тэргүүний техник технолгийг хэрэглэж аль болох бүтээмжээ дээшлүүлж бага зардлаар бүтээгдэхүүнээ зарвал ашиг ч нэмэгдэнэ. Тиймээс зам, ус, эрчим хүчний хямд шийдлийг олох зайлшгүй шаардлага бий.
-Өнгөрсөн онд алт, газрын тосны экспорт нэмэгдэж төсөвт төвлөрүүлэх орлогоо давуулан биелүүлсэн. Энэ жил алтны экспорт хэр байх бол. УИХ-аар хэлэлцэж байгаа алтны татварыг бууруулах хуулийн төсөл ямар нөлөө үзүүлэх вэ?
-Алтны ролятийг бууруулах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Ер нь бол манай алтын татвар бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа шүү дээ. 10 гаруй хувь байдаг. Ойрын жишээ гэвэл, Хятад улсын алтны татвар манайхаас бага байгаа. Харин тэд алтаа гадагшаа гаргасан тохиолдолд өндөр үнэтэй ролятигийн татвар тавьдаг. Харин гаднаас орж байгаа тохиолдолд хямдхан тавьдаг. Дэлхийн томоохон орнууд энэ бодлогыг барьж ажилладаг. Алтаа аль болох дотооддоо шингээж валютын нөөцөө бүрдүүлэх бодлого баримталдаг гэсэн үг. Манай улсын гадагшаа гарч байгаа алтны роялти харьцангуй өндөр байдаг. Үүнээс болж хууль бус наймаа сэргэсэн. Хэрвээ хууль бус худалдаагаа бууруулж, Монголбанкинд алтаа тушаадаг болбол алтны экспорт буурна.
-Алтны экспорт буурахаар төсвийн орлого ч буурч таарна. Энэ нь эдийн засагт хүндрэл үзүүлэх юм биш үү. Ер нь татвар бууруулах нь эдийн засагт ямар өгөөжтэй вэ?
-Алт, монгол төгрөг хоёр хоёулаа өртгийг хадгалах төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр Монголбанкны алтны нөөц их байх тусмаа манай мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байна гэсэн үг. Ам.долларын ханшийн савлагааг ч бууруулах боломж бүрдэнэ. Энэ нь эдийн засагт үзүүлж буй хамгийн том өгөөж болно. 40 сая ам.долларын роялти алдаж, хоёр тэрбум ам.долларын валютын нөөцтэй болох боломж байна гэсэн үг. Өнөөдөр алтнаас татвар авсан ч бай, аваагүй ч бай алтаа гаргаж байх уу, эсвэл алтаа дотооддоо хадгалж валютын ханшаа тогтвортой байлгах уу гэдэг нь өөрөө маш том бодлого.
-Одоо УИХ дээр хэлэлцэж буй алтны татварыг бууруулах энэ хуулийн төсөл “Оюутолгой”-д нөлөөлөх үү?
-“Оюутолгой”-д нөлөөлөхгүй. Одоогоор “Оюутолгой” шууд алт үйлдвэрлэхгүй, зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа шүү дээ. Уг нь зэсийн баяжмал дотор алтны агууламж бий. Гэхдээ үүнийг одоогийн байдлаар ялгаж чадахгүй байна. Биетээрээ Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд борлуулж байгаа. Тэгэхээр биет байдлаар биш биет бус байдлаар худалдан авах боломжтой. Алтны татварыг 2.5 болгож бууруулах хуулийн төсөл таван жилийн хугацаанд хэрэгжих учраас шороон ордууд дээр илүү тохируулж байгаа. Хэрвээ таван жилийн дотор Монгол Улс зэс хайлуулах үйлдвэр барьж, цэвэршүүлсэн алтаа Монголбанкинд тушаавал хөнгөлөлт эдлэх боломжтой.
-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг эцсийн хэлэлцүүлгийн шатанд нь шилжүүлсэн. Энэхүү бодлогод уул уурхайн салбарын экспортын голлох бүтээгдэхүүний төсөөллийг хэрхэн тусгасан байгаа вэ?
-Экпортод гаргаж буй уул уурхайн зарим түүхий эдийг боловсруулж гаргая, заримыг нь дотооддоо нөөцөлье гэдэг асуудлыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, хямдхан байгаа дээр нь бага татвартай гаргачихаад 10 жилийн дараа үйлдвэрлэл сэргэхээр гаднаас өндөр өртгөөр худалдан авч болохгүй. Тиймээс зарим бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээж 100 төгрөгөөр биш 300 төгрөгөөр худалдъя гэсэн бодлого. Зарим бүтээгдэхүүнд нь өндөр татвар тавьж дотооддоо хадгалах бодлого барина гэсэн үг.
-Жишээ нь?
-Төмрийн хүдрийг түүхээр нь экспортлох зохистой биш. Тиймээс нэгд, боловсруулах хэрэгтэй. Хоёрт, ирээдүйн бүтээн байгуулалтад зориулж нөөцөлнө. Гэхдээ энэ бол бодлого гарсны дараа шийдэх асуудал. Манай улс жилд 20 сая тонн нүүрс Хятадад нийлүүлж байгаа. Гэтэл Африкийн жижиг орнууд л гэхэд 200 сая тонныг борлуулна. Урд хөрш өөрөө маш том зах зээл. Манайх маш бага хувийг нь хангаж байгаа юм. Гэтэл манай улсын нүүрсний баталгаатай нөөц 23 тэрбум тонн, таамаг 177 тэрбум тонн. Нэгэнт нүүрсээ боловсруулж, ашиглаж чадахгүй бол өндөр үнэтэй байгаа дээр нь борлуулж орлого олох нь зөв. Жилд 20 сая биш 100 сая тонн нүүрс экспортолбол манай улсын орлого хэд дахин нэмэгдэнэ. Өмнөговьд байгаа ордуудыг борлуулсан ч цаана нь хангалттай нүүрсний нөөц байгаа. Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс нүүрсээр дэлхийн зах зээлд өрсөлдөж, өөрсдөөсөө бусад орныг хараат болгох шаардлагатай байна.
-Оюутолгойн хувьд өнгөрсөн 2013 онд эерэг, сөрөг асуудал олон байлаа. Энэ онд хэрхэн ажиллах бол. Далд уурхайн санхүүжилтийг хэзээ шийдэх вэ?
-Өнгөрсөн онд асуудал бол олон байсан. Баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж экспортоо эхлүүлсэн. Дөнгөж экспорт эхлэнгүүтээ л “Эрдэнэт”-ийн хэмжээний баяжмал гаргаж, тэр хэрээр эдийн засаг ч томорсон. Эхний үе шат амжилтай хэрэгжиж хугацаанаасаа өмнө дууссан гээд эерэг зүйл маш олон байна. Харин далд уурхайн санхүүжилт дээр гацаа үүссэн. Үүнд дэлхийн зах зээлийн хүнд байдал нөлөөлсөн. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гацааг нийт Оюутолгой төсөлтэй хольж хутгах ёсгүй. Том төсөл маань төлөвлөгөөнийхөө дагуу сайн явж байгаа. Бидэнд хугацаа байгаа учраас далд уурхайн санхүүжилтийг шийдэж бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ талаарх яриа хэлэлцээр ч амжилттай үргэлжилж байгаа.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин