Хаягдал тариураас өдөрт 600 литр бензин гаргах боломжтой

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Хаягдал тариураас өдөрт 600 литр бензин гаргах боломжтой

Э.Бат-Эрдэнэ: Хаягдал тариураас өдөрт 600 литр бензин гаргах боломжтой

Манай улсад байнга л бензиний хомсдлоос үүдэж, үнэ нь өсөх бай­дал энгийн үзэгдэл шахам болсон. Тэгвэл энэ гачигдлаас багахан ч гэсэн гарахыг эрмэлзсэн эрдэмтэн, суд­лаачид дугуйны хаймар, хуванцар сав зэргээс дизель түлш гаргаж авах зэргээр олон зүйлийг амжилттай туршиж байгаа билээ. Үүний нэг илрэл бол ШУТИС-ийн Материалын Технологийн сургуулийн Химийн технологийн салбарын багш Э.Бат-Эрдэнийн хийсэн туршилтын ажил юм. Тэрбээр хаягдал зүү тариураас бензин гарган авах туршилтыг амжилттай хийжээ. Түүнтэй энэхүү туршилтынх нь талаар  ярилцсанаа хүргэе.

-Монгол инженерүүд хаягдал тариураас бензин гарган авсан тухай мэдээллийг уншаад өөртэй тань уулзах хүсэлт төрлөө. Энэ бол дэвшилттэй санаа гэж бодож байна. Та энэхүү туршилтынхаа талаар танилцуулаач?

 -Би 2004 оноос ШУТИС-ийн Материалын технологийн сургуульд Химийн технологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ­ний ажил хийсээр ирсэн. Сүүлийн үед цаг үеэ дагаад гэх юм уу хэрэггүй гэгдэх хаягдал түүхий эдийг туршилтандаа ашиглаж байна. Тэр дундаа зүү, тариур зэрэг органик гаралтай бүтээгдэхүүнээр бензин, дизель түлш зэргийг орлуулан гарган авах туршилтыг хийж байна. Бидний мэдэхээр зүү, тариур нь хөрс болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Гэвч ийнхүү сөрөг нөлөөтэй гэх зүү тариур маань монголчуудад хамгийн их хэрэгцээтэй түүхий эд юм. Туршилтыг явуулахын тулд гадаадын өндөр хөгжилтэй орнуудын туршлага дээр үндэс­лэсэн. Олон улсын судлаачдын органик гаралтай бүтээгдэхүүнд хийсэн судалгааны дийлэнх хувь нь шатахууны чиглэлээр хийсэн ажил байдаг юм билээ. Харин энэхүү туршлагад үндэслэж багаж хэрэгслээ өөрсдөө авч, судалгаандаа ашиглалаа. Түүнчлэн хаягдал зүү тариураас бензин гаргаж авснаар бид дотооддоо үйлдвэрлэлтэй болох бүрэн боломж нээгдэх юм.

-Өдөрт хэчнээн зүү тариураас хэдэн литр бензин гарган авах боломжтой вэ?

-Манай улс БНСУ-аас тариур импортоор оруулж ирдэг. 2011 оны байдлаар Монголд 751 сая тариур орж ирсэн байдгаас 45 хувь нь хөдөө орон нутагт, 55 хувь нь нийслэлд хэрэглэгдсэн байдаг. Харин нийслэлд  хоногт 2.4 тонн та­риурын хаягдал гардаг. Энэхүү нэг хоногийн хаягдал тариураар 600 литр бензин үйлдвэрлэх боломж­той юм. Энэ нь байгаль орчинд сө­рөг муу нөлөөгүйгээс гадна хаягдал тариурт ариутгал хийж булшлах гэж цаг, мөнгө үрэхгүй чухал ач холбогдолтой юм.

-Манай эрдэмтэд үүнтэй төсөөтэй хэд, хэдэн судалгааг хийсэн байдаг. Харин таны туршилтын ажил юугаараа онцлог бол?

-Туршилтыг хийж болно. Хамгийн гол нь хийсэн тур­шилтынхаа үр дүнг ажил болгох чаддаг байх хэрэгтэй. Магадгүй үүнийг хэрэгжүүлэхэд удаан ху­гацаа шаардагдана. Гэсэн ч энэхүү туршилтын ажлыг хийсэн эрдэм­тэн, багш нар бүгд тухайн салбартаа тэргүүлсэн хүмүүс байгаа юм. Өөрөөр хэлбэл, нефьтийн салбарт гаршсан, туршлагатай хүмүүс юм шүү дээ. Судалгаа шинжилгээний ажилд гаршсан  хүмүүс хийснээрээ онцлог. Гэхдээ хэдийгээр манай улсад энэ талын судалгааг хийдэг чадварлаг хүмүүс байдаг ч гэлээ үүнд тохирсон нарийн технологи болон санхүүгийн хөшүүрэг нь алга байна. Түүнчлэн зүү тариураас бензин гарган авч байна гэдэг чинь өөрөө онцлог болж өгч байгаа юм.

-Энэ чиглэлийн тоног төхөө­рөмж оруулж ирэх боломж хэр байна?

-Уг асуудалтай холбогдуулж өнгөрсөн онд Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамны хэлэлцүүлэгт орол­цож байсан. Тэр үеэр өөрийн хийсэн туршилтыг танилцуулж байхад холбогдох албаны хүмүүс шагшин магтаж байсан. Гэтэл өнөөдөр  “Сайхан юм байна, боломжтой юм байна” гэснээс хэрэгжүүлсэн зүйл алга. Тэгэхээр санхүүгийн нөхцөл боломжийг бүрдүүлэхэд Засгийн газрын дэмжлэг үнэхээр хэрэгтэй гэж  бодож байна. Манайхны сул тал нь ямарваа зүйлийг зүгээр нэг мөнгөтэй бизнесмэн хүмүүст даалгах сонирхолтой мэт санагддаг. Угтаа бол  тухайн салбарт хамгийн ойр байдаг. Тэр талаар ажиллах сонирхолтой хүнийг оролцуулах юм. Тухайлбал, энэ талын туршилт, судалгааны тал дээр мэргэшсэн  хүмүүс Академич Б.Пүрэвсүрэн, МУ-ын гавьяат багш Б.Бямбагар нар байна. энэ хүмүүс бол бие сэтгэлээрээ энэ чиглэлээр өдий болтол ажиллаж ирсэн туршлагатай. Иймэрхүү хүмүүстэй туршлага солилцож туршилтыг хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу.

-Та энэхүү туршилтын ажлаа ямар нөхцөлд хийсэн бэ. Ямар нэгэн хүндрэл гарч байсан уу?

-Анх БНХАУ-ын органик бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлд­вэртэй танилцаж билээ. Тухайн үед үйлдвэрийг хараад үнэхээр гай­халтай санагдаж байсан юм. Харин судалгаагаа лабораторийн нөхцөлд гүйцэтгэсэн. Дээр хэлсэнчлэн бид эхний ээлжинд заавал томоос том үйлдвэр байгуулах алба байхгүй. Жижиг хэмжээний үйлдвэрийг бай­гуулж болно. Бензинийг хаягдал ду­гуй, тос зэргээс гарган авч болдог. Гэхдээ эдгээрийн хаягдлын хажууд зүү тариурыг боловсруулж бензин гарган авч, улмаар үйлдвэрлэлийг ашиглалтад оруулбал байгаль орчин болоод манай улсын эдийн засагт ч ихээхэн нэмэр болох юм.

-Туршилтыг хийхийн тулд  төсөв мөнгийг хувиасаа гаргасан уу?

-Тийм. Өөрсдийн боломж, бололцоог дайчлан ажилласан. Тодорхой хэмжээний мөнгө ч зарцуулсан байгаа. Уг нь бол сургуулийн багш нар энэ талаар холбогдох албаныханд хэд, хэдэн удаа танилцуулж, дэмжлэг авахыг хүссэн. Гэсэн ч бүтээгүй. Амаараа магтаад байгаа боловч хэрэгжүүлж чадахгүй байна.

-Туршилт дээр үндэслээд үйлдвэр бий болголоо гэхэд түүхий эд нь хангалттай байж чадах уу?

-Түүхий эдийн хувьд боломж  байлгүй яахав. Манай улс нүүрс, нефьт боловсруулах үйлдвэртэй болно зэргээр ярьдаг. Гэтэл нөхцөл байдлаа хараад үзэхэд манай улсын шатахууны жилийн хэрэгцээ 1.5 сая ч хүрэхгүй байгаа юм. Ингээд хоёр сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр байгуулчихвал хэн түүнийг худалдан авах билээ. Шатахууны үйлдвэрлэлийг бүр болохгүй байлаа гэхэд томоохон уурхайн дэргэд барьж, зохицуулалт хийж болохгүй гэж үү. Тиймээс л жижиг зүйлээс ажлаа эхлэх хэрэгтэй байх гэж бодож байна.

-Үйлдвэр барихад хөшүүрэг нь юу гэж та бодож байна вэ?

-Одоо бол дахин туршилт хийх шаардлага байхгүй. Гагцхүү тал тал­даа ярилцах л хэрэгтэй байгаа юм. Ингээд мөрийн хөтөлбөрт тусгадаг ч юм уу ажил хэрэг болгох л хэрэгтэй. Үүнээс гадна туршлагатай, энэ талын судалгаа, шинжилгээ хийсэн хүмүүсийн материалтай танилцаж, эцэстээ түүнийгээ шинэ үйлдвэр барихдаа ашиглаж болох юм.

-Бензинийг шинэ, хуучин та­риураас гарган авахад ялгаа байхгүй биз дээ. Тодруулбал, ашигласан, ашиглаагүй зэргээс хамаарч?

-Ямар ч байсан тариураас бен­зин гарган авахад ялгаа байхгүй. Ямар ч байсан гарах үр дүн адилхан л байх болно. Хаягдал зүү, тариурыг устгахын тулд халдваргүйжүүлэлт хийдэг гэдгийг хэн бүхэн мэддэг. Ингээд халдвар­гүйжүүлэлт хийсний дараа хөрсөнд булдаг. Харин бензиний үйлдвэртэй бол­чихвол үүнд санаа зовох шаард­лагагүйгээс гадна дулааны боловс­руулалт нь хийгдсэн байх учраас халдваргүйжүүлэлт зэргийг хийх шаардлагагүй болох юм. Мөн ин­гэснээр хөрс бохирдохгүй. Хүмүүс эрүүл мэндээрээ  хохирохгүй.

Т.БОЛОРЦЭЦЭГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж