ЭМД-ын хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

ЭМД-ын хуулийг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2014.01.15/ хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай “ Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Дараа нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 130 саналын томьёоллоор санал хураалт явуулан, дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж хуулийн төсөлд тусган чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж тавьсан “Иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа өнөөгийн инфляцийн түвшинтэй харьцуулсан ямар тооцоо судалгаа хийгдсэн болон эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэх талаар Засгийн газраас ямар бодлого боловсруулж, төлөвлөж байгаа талаарх” асуултын хариу сонсох байсан ч уг асуудлыг ирэх долоо хоногт болгож хойшлууллаа. Учир нь асуултын хариуг нээлттэй горимоор явуулах эсэх Засгийн газрын шийдвэр болон мөн гишүүний асуултад Сангийн сайдыг байлцуулж хариулт өгөх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Үүний дараа “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх явцад / анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. / Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонх дэмжлээ . Ингэснээр Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж