Хууль байвч цааз нь алга

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

Хууль байвч цааз нь алга

Монгол хэлний тухай хуулийн төслийн танилцуулга уулзалт өнөөдөр Төрийн ордны “Иргэний танхим”-д боллоо. Иргэний танхимыг дүүртэл цугласан хэлэлцүүлэгт оролцогчдын олонх нь олны танил эрдэмтэд, их сургуулийн багш, монгол хэлний чиглэлээр дуугарч болох бүхэн байлаа. Хууль боловсруулагчдын нэг УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хувьд хуулийн төслөө танилцуулахдаа “Бидний боловсруулсанд алдаа онооны аль аль нь бий. Тиймээс та бүхэн ариутган шүүж үнэтэй саналаа хэлээрэй. Хэлээд орхих бус бичгээр үйлдэн бидэнд үлдээвэл баярлах болно” гэдгээ тодотгосон юм. Эрдэмтдийн хувьд ч ээлжлэн гар өргөж, өөрсдийн санаа бодлоо илэрхийллээ. Хуулийн төсөл боловсруулан гаргаж байгаад талархсан хүн олон байв. Гэхдээ нэрнээс нь эхлээд шүүмж хөвөрлөө.

Зохиолч н.Пүрэвдорж хууль болгоны ард “тухай” гэсэн үг оруулах болсон нь орчуулгын модон хэллэгийн нэг хэлбэр, ядаж монгол хэлний хуулиа тухай гэдэг үгнээс салгаж, “Монгол хэлний хууль” болгоё гэсэн санал дэвшүүлснийг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжлээ. Дэлхийн монгол туургатнууд эх нутаг, бууриа сахин үлдсэн Монгол Улсын иргэдийг монгол ахуй, монгол соёл, монгол хэлийг сахин хамгаалагчид гэж ойлгодог, итгэдэг. Гэтэл монгол овогтны эх сурвалж болсон Монгол Улсын иргэд монгол хэлээрээ ярьж чадахгүй, гадаадаас ирсэн хүмүүст бүү хэл, хөдөөнөөс ирсэн хөгшид маань монгол гэж танихааргүй даяаршлагдсан орчинтой болсон тул “Монгол хэлний хууль”  хамгаас чухал гэдгийг онцолж байлаа. Ингээд хэлэлцүүлгийн үеэр эрдэмтдийн гаргасан саналаас сийрүүлэн таницлуулъя.

МУИС-ийн багш Ш.Чоймаа:

-Хуулийн төсөлд монгол бичгийг уламжлалт монгол бичиг хэмээн тодотгон оруулжээ. Уйгаржин монгол бичиг гэх нь ч бий. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт үндэсний монгол бичиг гэсэн тодотголыг хэрэглэсэн байдаг. Тиймээс тэр нэршлээр нь хуулийн төсөлд оруулж, хойшид хэрэглэж занших нь зүйтэй болов уу. Монголчууд нийтээрээ монгол бичигт шилжих тухай заалт хуулийн төсөлд алга. Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох тодорхой хугацааг заах нь зөв. Нөгөөтэйгүүр энэхүү хууль цаг зуурын хууль биш байгаасай гэж хүсэх байна.

Монгол хэлний найруулгад онцгой анхаарал хандуулахгүй бол гадаад хэлнээс махчилан орчуулсан модон хэл болон хувирлаа. Англи хэлний “To be” үйл үгний орчуулгаас үүдээд  улс төр хийх, мөнгө хийх, хүүхэд хийх гэх болжээ. Мөн нөлөөлөх гэдэг үгийг нөлөө үзүүлэх, боловсрол олгох гэхийг боловсролын үйлчилгээ үзүүлэх,  өвдөхийг өвдөлт өгөх, өсөхийг өсөлт өгчээ гэж хүртэл ярьж байна.  Энэ мэтээс эхлээд монгол хэлний найруулга зүйг анхаарч, монгол хүнийг монгол хэлээр яриулдаг болгоход энэ хууль ач тусаа өгөөсэй.

Иргэн н.Энхбат:

-Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдээ монгол хэлээ сайн сур гэхээсээ илүү математик, англи, орос, хятад хэл сур гэж шаардах болсон. Энэ нь монгол хэлний үнэ цэнийг унагах гол шалтгаан болж байна. Хэрэглэж буй хүмүүс үл тоож байгаагаас монгол хэл үнэгүйдэж байна. Тиймээс монгол хэлний хуулийг бүх нийтээр хэлэлцүүлж, эрдэмтэн мэргэдээс гадна эгэл жирийн иргэдийн санаа бодлыг тусгахад анхаараасай. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж буй Монгол хэлний зөвлөлд иргэдийн төлөөлөллийг багтаах нь зүйтэй юм.

Ардын уран зохиолч Т.Галсан:

-Дайсан довтолсон үед төр засаг, түмэн олон зэрэг сэртхийдэг. Түүнтэй яг адил тусгаар тогтнолын алтан ганжир болсон эх хэл маань хэврэгшиж байгаа ийм үед УИХ-ын гишүүд, тэр дундаа залуу гишүүн М.Батчимэг их сайхан хууль санаачилжээ. Энэ хууль гадаад хуулийн хуулга биш эх хэлнээс гарсан хууль байгаа нь бүр чиг сайшаалтай. Гадаадад ажиллаж амьдарч буй залуучуудын үр хүүхэд монгол хэлээ мартаж, эх соёлоо умартан харийн хүн шиг болж байгаагаас “Удам судар минь надаар дууслаа” хэмээн цусаар уйлах шахсан өвгөд, хөгшид олон болж байна. Энэ дэлхийшил гэдэг дэвжээшлийг үгүй хийдэг, даяаршил дангааршлыг устгадгийг харуулж байна. Тиймээс энэ хуулийг нэн даруй, нэг ч гадаад үг оруулалгүй батлах байх гэж найдаж байна.

Нөгөөтэйгүүр хууль нь байгаа боловч цааз нь алга. Монголчууд хууль цааз гэсэн холбоо үгээр ярьдаг нь учиртай. Хууль тунхгийг гаргадаг бол цааз хэрэгжүүлэх арга замыг заадаг. Яам тамгын газар, агентлаг нэртэй ард түмнээс нуусан яам, сонин хэвлэл радио телевиз бүгдээрээ эх хэлний түшмэлтай болох хэрэгтэй. Энэ бол Монголын төр хүчирхэг байх үеийн уламжлал юм шүү. Төр засгаас гарсан бүх албан бичиг ямар ч утгын мадаг байхгүй, үг үсгийн алдаагүй, ямар ч харь үггүй, бүх хүнд ойлгомжтой тогтоол шийдвэр гардаг болох учиртай. Эх хэлний түшмэл нь бага цалинтай, их урамшууллалтай байх нь зөв. Тэр хүн эл амь зуулгаа зузаалъя гэвэл эх хэлний тэмцэлд өдөр тутам нэгийг бодож,  хоёрыг хийдэг, хянадаг байх юм. Эх хэлний түшмэлийг эх хэлний торгон түшмэл байх юм. Зурагтаар яриулахдаа ч тэр эрлийз үгээр яриулахгүй байх нь зүйтэй. Эрлийз хэлээр ярьсан хүмүүсийг УИХ-ын гишүүдийг бол саяар, Засаг дарга нарыг бумаар торгож байх жишээтэй. Ингэж гэмээнэ эх хэлээ харь үгнээс хамгаална.

Бас нэг анхаарууштай зүйл бол дунд сургуулийн хүүхдүүдэд монгол хэлийг хэт өндөр төвшинд зааж сургаж байгаагаас хүүхдүүд залхаж, зугтаж байна. Тавдугаар ангийн сурагчдад авиазүй зааж байгаа. Авиазүй бол өвч  бүрэн урланд хэлийг судалдаг нарийн шинжлэх ухаан. Гэтэл эхийн сүүнээс гараагүй хүүхдэд авиазүйн онол зааж байгаа нь заанд ачих ачааг зараанд ачсантай адил. Уурхайн том машины ачааг унадаг дугуйнд ачсантай адил юм. Хүүхдийг эх хэлэндээ сонирхолгүй болгодог нь энэ шүү дээ. Түүний оронд үлгэр ярьж, ертөнцийн гурвыг таниулан яруу өгүүлэх чадвар эзэмшүүлэх ёстой юм. Эндээс эх хэлээ гэгээрүүлэх яам өөрөө устгаж байгаатай адил.

Эрдэмтэд болон эгэл жирийн иргэд эх хэлнийхээ тухай ийн өгүүлж байна. Үндсэн хуульдаа “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэснээс бусдаар манаачгүй үлдээсэн алдаагаа засч эхэллээ. Ингэхдээ монгол хэлийг аварч үлдэх эхлэлийг хэвлэл мэдээллээс эхлэх нь зүйтэй гэсэн саналыг олон хүн хэлж байлаа. Тэдний зарим нь “Хэвлэлийнхэн бол монгол хэлийг бузарлагчид” гэсэн хатуу үгийг ч шидэж байлаа. Хатуудсан боловч үнэний ортой энэ үгийг үзэг нэгтнүүд маань зөвөөр хүлээн авч, эх хэлээ манах үүргээ ухамсарлана гэдэгт итгэнэм.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж