-XXI зуунд өндөр байшин, өргөн гудамж үзүүлэлт болохоос илүү хүрээлэн буй орчиндоо хэрхэн зохицож байгааг, байгаль орчиндоо хэрхэн нийцэж байгаагаар дэлхийн хотуудын хөгжлийг тодорхойлдог болсон. Ийм учраас Улаанбаатар хотын удирдлагын бүрэлдэхүүнд Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалыг бий болгосон. Та ажлаа аваад өнгөрсөн онд ямар ажлыг гүйцэтгэсэн бэ?
-Өнгөрсөн жил ногоон байгууламжуудыг нэмье гэсэн зорилго тавьж ажиллаа. Зорилгынхоо хүрээнд дөрвөн ч цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эхлүүлсэн. Мөн Улаанбаатар хотын явган хүний замын шороон хөрсийг хатуу хучилттай болгосон. Энгийн жишээ хэлэхэд, өнгөрсөн жил таван га газрын пургисан сул шороог хатуу хучилттай талбай болгож, тохижуулсан. Энэ бол агаарын бохирдлыг үүсгэж байгаа эх үүсвэрийг багасгасан гэсэн үг. Мөн зам талбайг зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлсэн нь иргэдийн таашаалд хүрсэн ажлын маань нэг. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хийсэн ажлаасаа дурдья. Жилд хоёр удаа ургац авах боломжтой хүлэмжийн аж ахуйг Улаанбаатарын ойролцоо суурин газарт бий болгох эхлэл тавилаа. Мөн Улаанбаатар хотын иргэдийн 80 хувийг цэвэр өөрсдийн сүүгээр хангах зорилтын хүрээнд мал аж ахуйгаа эрчимжүүлэхээр ажиллаж байна.
-Дөрвөн цэцэрлэгт хүрээлэнг хаана босгож байгаа вэ. Хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Энэ жил багтаагаад ашиглалтад оруулна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хоёр га газрыг цэцэрлэгжүүлж сайхан болгоно. Мөн Баянхошууны Ногоон нуур гэж тогтоцоосоо жижиг нууртай газар бий. Тэр хэсгийг тохижуулаад гэр хорооллын иргэдэд, ахмадуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нь олгоно. Тасганы овоог одоо харахад хажуугаас нь ухаад “халзан” болгочихсон байгаа. Бид газрыг нь хамгаалалтад авчихсан байгаа. Удахгүй ногоон байгууламжтай болгож, залуучуудын очих дуртай цэцэрлэгт хүрээлэн болгоно. Бас Арслантай гүүрийн баруун талд хашаалсан байгаа газрыг чөлөөлж цэцэрлэг болгохоор ажлыг нь эхлүүлсэн. Тэнд өмнө нь байсан эхийн хөшөөг буцааж зална. Үүнээс гадна Хан-Уул дүүрэгт Энхтайвны гүүр дөнгөж өнгөрөөд автобусны буудлын хажууд хоёр га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор чөлөөлсөн байгаа.
-Хүн бүхний анхаарлыг татаж байгаа асуудал бол агаарын бохирдол. Өнгөрсөн жил хийсэн ажлуудаас ямар үр дүн гарах вэ. Энэ жил агаарын бохирдлыг бууруулах ямар ажил хийх вэ?
-Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгөөр нийтдээ 100 мянга гаруй эрчим хүчний хэмнэлттэй зуухыг тарааж дууссан. Үргэлжлүүлээд Дэлхийн банкны 15 сая ам.долларын тусламжийн долоон саяыг нь зуухны татаасанд шингээгээд 45 мянган зуухыг нэмж тараахаар ажлаа эхлүүлсэн байгаа. Ирэх гуравдугаар сарын дундуур бүх зуухаа тараагаад дууссан байх болов уу.
-Энэ онд тэгвэл ямар ажлуудыг хийх вэ?
-Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ жилээс эхлээд Засгийн газрын дэргэд шилжиж ирсэн. Нэгэнт Засгийн газар хариуцаж авсан учраас агаарын бохирдлыг бууруулах ажлыг нэлээд эрчимтэй явуулах биз ээ. Тийм учраас Засгийн газрын тэргүүн удахгүй агаарын бохирдолтой тэмцэх бодлогоо олон нийтэд танилцуулах болов уу. Бид бол Улаанбаатар хотынхоо сул шороог багасгах, гудамж талбайгаа цэцэгжүүлэх ажлаа үргэлжлүүлээд явна. Цэцэгчин, цэцэрлэгч нараа сургалтад хамруулна. Удахгүй хурлаа хийх байх. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжийг судална. Нийслэл 152 хороотой. Нүүрсээр халаалтаа шийдэж байгаа хорооны Тамгын газруудыг нарны эрчим хүчээр халаалтаа шийддэг болгох туршилт эхэлсэн. Чингэлтэй дүүргийн VIII хорооны Тамгын газар нарны эрчим хүчээр усаа халааж, халаалтаа шийдэж байгаа. Нэг Тамгын газар жилд 30 тонн нүүрс хэрэглэдэг гэнэ. Бид энэ жил 4-5 хорооны Тамгын газрын халаалтыг нарны эрчим хүчээр шийднэ. Энэ мэт олон ажил төлөвлөсөн.
-Зуух тараах нь утааг багасгах оновчтой шийдэл мөн үү. Зарим хүн дөрвөн уулынхаа нэгийг нүхэлье л гэх юм?
-Энэ бол Засгийн газрын л ярих асуудал. Уул нүхэлнэ гэдэг үлгэрийг тухайн үедээ л ярья. Ер нь Улаанбаатарын агаарын бохирдлын эх үүсвэр нь гэр хорооллын зуух, нам даралтын зуух, цахилгаан станцуудын үнсэн сан, автомашины утаа. Агаарын бохирдлын 60 хувийг үүсгэж байгаа гэр хороололд шилжилтийн үед зуух тараахаас аргагүй. Хамгийн гол нь иргэд өөрсдөө утаа гаргахгүй технологийг амьдралдаа нэвтрүүлж, утааны эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй.
-Усан оргилуур хэдийг байгуулах вэ?
-Улаанбаатар хотын агаарыг чийгшүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр Сэлбэ голын дээхнэ талд усан цөөрөм байгуулж, урсацыг нь тохируулахаар төлөвлөсөн. Судалгаа үргэлжилж байгаа. Мөн Сэлбэ, Дунд, Туул голын хөвөөгөөр олон нийтийн архигүй зугаалгын бүс байгуулна гэж байгаа. Дугуйн зам, гүйлтийн зам байгуулж хувийн хэвшлийнхэнд түрээслүүлэхээр болсон. Сэлбэ голыг гурав хувааж тохижуулах ТЭЗҮ гарсан. Бүтэмжгүй явсан зарим ажил бий. Гэхдээ хоёр хэсгийг нь яаж тохижуулах ТЭЗҮ-г нь батлуулаад өнөө, маргаашгүй нийслэлийн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулна. Ер нь бол Сэлбэ голыг сайхан тохижуулах нь Улаанбаатар хотын өнгө үзэмжийг маш сайхан болгоно.
-Хөрсний бохирдол дэндлээ гэж ярьдаг. Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахад багагүй хугацаа шаардлагатай. Үүнээс өмнө нүхэн жорлонгийн тоог багасгах, бохир өтгөнийг хөрсөнд шингээхгүй байхын тулд ямар ажил хийх ёстой вэ?
-Худлаа үнэн ярихгүй, ганц л бодлого барих ёстой. Хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээг бий болгох шаардлагатай. Саяхан Хэсэгчилсэн инженерийн газар гэж шинээр байгуулсан. Одоо 500 айлын бохирыг хөрсөнд уусгахгүй татаж авчирдаг бага оврын цэвэрлэх байгууламжтай болох ёстой. Бүгдийг нэг жил, сарын дотор хийж чадахгүй учраас шилжилтийн арга, ажиллагааг нэвтрүүлж байна. “Эко жорлон” гэдэг төслийг судалж үзээд бодлого гаргах гээд явж байна. Хот төлөвлөлтөө шинэчилж, суурьшлын шинэ бүс бий болгох зэргээр хурдтай явахгүй бол ганц хоёр айлын жорлон солиод явахгүй ажил. Хөрсний бохирдлыг үгүй болгоход төрийн нэгдсэн бодлого маш чухал нөлөөтэй.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин