Төр засаг уул уурхайн салбарын эрх зүйн орчноо цэгцлэхээр анхаарч буй энэ үетэй зэрэгцүүлэн Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулж байна. Энэ салбарын 300 орчим төлөөлөгч, УИХ-ын зарим гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээсэн юм. Хэлэлцүүлэг нийт дөрвөн салбар хуралдаантай бөгөөд эрдэс баялгийн хэмээх тодотголтойгоор уул уурхайн салбарын асуудлыг хэлэлцэж байна. Ингэхдээ 2025 онд эрдэс баялгийн салбар ямар байх вэ? гэдэг асуултын дор яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл уулзан санал бодлоо солилцон байгаа юм.
Өнгөрсөн жил гадаад, дотоодын эдийн засаг хүнд байсан ч уул уурхайн салбарынхан чадахаараа ажилласан тухай оны эцсийн биелэлтээ дүгнэж байсан. Одоо нүүрсний орлого эрс унаж, зөвхөн Хятад руу гаргах өрийн нүүрсний экспортыг хийж байгаа. Гэсэн хэдий боловч салбарыг сайнаар харвал эрдэс баялагтаа тулгуурласан үйлдвэрлэл явуулах, экспортоо нэмэгдүүлэх хөгжлийн шинэ шат ирсэн тухай хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.
Өөрөөр хэлбэл, Монгол олборлогч орны статусаас үйлдвэрлэгч орон руу шилжихийг Уул уурхайн Дэд сайд О.Эрдэнэбулган нэгдүгээр салбар хуралдааны үеэр хэлж байсан. Мөн “Эрдэс баялгийн салбар ДНБ-ий 20 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 60 хувь, хөрөнгө оруулалтын 80 хувь, экспортын 80 хувийг эзэлж буй гол салбар. Энэ салбарын хөгжлөөс Монголын хөгжил шалтгаалах бөгөөд хамгийн гол нь Монголын төр хууль эрх зүйн орчноо ямар байлгах гээд байгааг гадны хөрөнгө оруулагчид ажиглаж байна. Тиймээс нэлээд хэдэн жилдээ өөрчлөлт оруулахгүй тогтвортой хууль батлах хэрэгтэй. Мөн олон нийтэд уул уурхайн салбарын талаарх зөв ойлголтыг өгөх хэрэгтэй” гэдгийг онцолсон. Үндсэндээ 2025 он гэхэд Монгол Улс үйлдвэрлэгч орон болчихсон байх гол зорилттойгоор шинэ оноо угтан авч байна.
Уул уурхайн салбарын бодлого өнгөрсөн жилүүдэд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй байсан нь улсыг зөвхөн байгалийн баялагаа ухдаг олборлогч орноор дэлхийд таниулахад хүрсэн тухай эдийн засагчид шүүмжилдэг. Үүний сонгодог жишээ нь, алтны үйлдвэрлэл эрчимтэй байсан үеийг унтраасан, алт олборлогчдод дарамт болсон Урт нэртэй хууль юм. Тиймээс хуулийг шинэчлэхээр болж, Ашигт малтмалын тухай хуулинд дагалдуулж оруулсан. Ийм гаргалгаараар, хуучин цагийн алдаатай бодлогыг шинэтгэх хариуцлагатай ажлын өмнө тулан ирээд ханцуй шамлан байгаа талаар оролцогчид хажуу хажуудахтайгаа ярилцан, толгой дохих юм. Уул уурхайн салбарын хамгийн чухал Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Газрын тосны тухай хуулийг УИХ-д хэлэлцэн байна. Мөн Газрын хэвлийн тухай хууль, Олборлох байдлын ил тод байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон бол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг саяхан баталсан билээ. Угаас өнгөрсөн жил эдийн засаг ямар байсаннь ойлгомжтой, бүх л газрууд жилийн эцсийнхээ дүгнэлтийг хийсэн, энэ жилдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ төдийлөн өсөхгүй, дотоодын барааны үнэ буурахгүй гэдэг нь тодорхой болсон тул ирэх жилүүдэд юу хийх вэ гэдэг нь сонин. Тиймээс “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлгийн оролцогчид энэхүү хуулиудыг эрчимтэй хэлэлцэж буйг онцлоод гагцхүү хэрэгжүүлэх тогтолцоо ямар байхыг сонирхох нь олонтаа. Гагцхүү дээр дурдсан хуулиудыг бүрэн баталсаны дараа ямар ажлыг хэрхэн хийх нь тодорхой болох юм гэнэ.
Оны анхны том хэлэлцүүлгийг ажиглахад яамд, агентлаг, засаг дарга нарын төлөөлөл түлхүү ирсэн нь байсан. Нэгэнт салбарын бодлого, ирээдүйгээ ярилцахаар цуглаж байгаа тул хөндлөнгийн ажиглагчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, эдийн засагчдыг урьж ирүүлсэн нь хэлэлцүүлгийн үдээс өмнөх үеийн байдлаар бол харагдаагүй юм. Өөрсдийн гаргасан, гаргах бодлого өөрсдөө шүүн хэлэлцэх гэж ийн цуглав уу гэж хатуухан хэлмээр болох шиг. Ямартай ч ийнхүү “Туушин”-гийн танхимд уул уурхайн салбарынхан өөдрөг үзэлтэйгээр ирээдүйгээ ярилцан байна.