Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.01.15/ хуралдаанаар дөрвөн хэлэлцэхээр боллоо.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Зөвлөл ажилладаг. Зөвлөлийн зарим гишүүдийн албан ажлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн болон статистикийн мэдээ, мэдээллийн чанар, бодитой, шуурхай, нэгдмэл байдлыг хангах үүднээс зарим байгууллагын төлөөллийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж Үндэсний статистикийн хорооноос уг Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулах санал ирүүлсэн байна.
Статистикийн тухай хуульд Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байхаар заасан байдаг. Түүнчлэн Зөвлөлийн 3 гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилохоор заажээ.
Хуулийн энэхүү заалтын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг, Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Цогтгэрэл нарыг тус тус санал болгосон байна.
Тогтоолын төслийг батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүнд, хөнгөн аж үйлдвэрийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсохын зэрэгцээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ тухай санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм байна. Мөн ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлах юм.
Байнгын хорооны хуралдаанаар одоо “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.