Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, ИТХ-ын НБД Д.Юндэнбазар, аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо, ТЗУХ-ийн дарга С.Үнэнбуян нар Баянхонгор аймгийн АИХ-ын депутат Д.Марав, А.Рэгзэн, Ц.Очирбалнарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Тухайн үеийн АИХ-д 2000 гаруй хүн өрсөлдөж 430 депутат сонгогдож байсан бөгөөд дийлэнх нь сум нэгдлийн дарга нар байсан аж.
Үндсэн хуулийн өдөрт зориулан аймгийн Баганат талбайд байрлах Үндсэн хуулийн хөшөөнд АИХ-ын гурван депутат, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчид Монгол үндэсний дээл хувцастай цэцэг өргөлөө. Мөн энэ өдөрт зориулж аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн төрийн алба хаагчдад зориулан урлагийн тоглолтыг үзүүлж сонирхуулав.
Манай улсын 4 дэх үндсэн хууль буюу өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шинэ Үндсэн хууль нь Монгол улсыг иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн ардчилсан улс гэдгийг дэлхий дахинд илтгэсэн юм.
Түүнчлэн Монгол улс Феодализмаас капитализмыг алгасан социализмд шилжин орох тухай коммунист үзлийг төгсгөл болгон, нээлттэй эдийн засгийг бий болгож чадсан шинэчлэн бүтээн байгуулагч хууль болсноороо ихээхэн онцлогтойг тухайн үеийн АИХ-ын депутатууд онцлов.