Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар тайлбар өглөө.
Говь-Алтайн сонгууль Ч.Сайханбилэгийн сонгууль болох нь
-Говь-Алтай аймгийн дархан цаазат газрын зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах талаар Ч.Сайханбилэг даргын гарын үсэгтэй албан бичиг явж байгаа нь тэнд байгаа хоёр ордыг ашиглах, эсвэл хэн нэгэнд авч өгөх гэсэн санаархал. Тэнд байгаа "Хатан суудал", "Талын мэлтэс" орчмын газарт их хэмжээний алттай гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон учраас эрх баригчид үүнд шунаж, энэ сарын 19-нд болох сонгуулиар АН-ыг ялалт байгуулахаар улайрч байна. Энэ бол хэрэв АН ялалт байгуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргаар АН-ын хүн сонгогдох юм бол энэ хоёр их нөөцтэй ордыг өөрсдийн мэдэлд авах гэсэн санаархал. Орон нутгийн удирдлагууд болох аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, хамгаалалын захиргааны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч нарын хариугаар бол энэ ордуудыг ашиглах боломжгүй гэсэн. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь яагаад энэ ордыг авах гэж улайраад байгааг ойлгохгүй байна. Үнэндээ энэ сарын 19-нд болох Говь-Алтай аймгийн дахин сонгууль Ч.Сайханбилэгийн орд авахыг санаархсан сонгууль болно
Орд ашиглах албан бичиг бол өнгөрсөн асуудал
-Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсгийг чөлөөлөх албан бичгийг миний бие хүргүүлсэн талаар асуудал яригдаж байна. Орон нутгийн дахин сонгууль болох гэж байгаатай холбоотой асуудал учраас үнэн бодит мэдээлэл өгөх нь чухал. 2013 оны намрын чуулганы өмнө долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарласан. Засгийн газар тодорхой арга хэмжээ авах, асуудлыг судалж, УИХ-д оруулж ирэх үүрэг УИХ-аас өгсөн. Үүний дагуу Засгийн газраас бололцоотой бүгдийг судалж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байсан. Энэ хүрээнд зарим орд газруудыг ашиглаж болох үгүйг судалж, гурван аймаг руу 2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу орон нутгуудаас санал ирж, зарим орд газруудыг ашиглах шаардлагагүй гэсэн саналыг өгсөн. Ялангуяа Говь-Алтай аймгаас ордуудыг ашиглах шаардлагагүй гэдэг бичиг ирсэн. Орд газрын ашиглах талаар судлахын тулд орон нутаг, яам, агентлагууд, судлаачид гээд олон талаас нь санал авдаг. Үүний дагуу Говь-Алтай аймгаас тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыг ашиглах шаардлагагүй гэсэн хариу ирсэн. Тиймээс Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах шаардлагагүй гэж үзсэн юм. Ордтой холбоотой асуудлыг Засгийн газраас харьяа яамд, орон нутгийн удирдлагуудаас санал авч, УИХ-аар хэлэлцүүлэн баталдаг. Говь-Алтай аймагтай холбоотой тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыг ашиглах эсэх талаар албан бичиг тухайн үед яригдаж байгаад өнгөрсөн асуудал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед яригдсан ч энэ ордуудыг ашиглах талаар ямар нэг шийдвэр гараагүй. Говь-Алтай аймгийн сонгуультай холбоотой өнгөрсөн асуудлыг эргэн сөхөж байгаа нь улстөржиж байна гэж ойлгож байна.