Харилцаа холбоо, технологийн салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

Харилцаа холбоо, технологийн салбарынхан чуулж байна

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас "Эрх зүйн шинэчлэл-2014" чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, төрийн үйлчилгээг ухаалаг болгоход тус салбарынхан эрх зүйн шинэчлэлийг хийхээс гадна иргэддээ хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхэд хийх ажил их байна гэдгийг онцоллоо. Тухайлбал, нийтийн тээврээр үйлчлүүлсэн зорчигч үйлчилгээний төлбөрөө цахимаар хийдэг болоход технологийн давуу талыг нэвтрүүлэх шаардлага байна гэсэн юм. Мөн анхаарах нэг асуудал нь орон нутаг дахь интернэтийн үйлчилгээний төлбөрийг гурав дахин бууруулсан ч хурд орчин үеийн шаардлагад нийцэхгүй байгаа тул хурдыг илүү сайжруулах талд ажиллах нь чухал байна гэлээ. 

Тэгвэл Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын хэлснээр бол энэ онд телевизүүдийн цацалтыг тоон системд шилжүүлэх аж. Энэ асуудалтай холбогдуулж иргэд телевизээ солих шаардлагатай болох уу гэх асуултыг түгээмэл тавих болжээ. Гэвч шинээр телевиз худалдан авах шаардлагагүй, төхөөрөмж суурилуулснаар асуудал шийдэгдэх юм байна. Мөн энэ онд телевизүүдийг агуулгаар нь төрөлжүүлэх аж.

Монголын цахилгаан холбоо төрийн өмчит компанийн хувьд интернэт хүн бүрт хүртээмжтэй, айл бүрт очсон байх тэр зорилт руу бодлого тавин ажиллаж байгааг энэ үеэр тус компанийн захирал хэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж