Дур, дураараа ярьснаар хууль тогтоохгүй

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Дур, дураараа ярьснаар хууль тогтоохгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Давхар дээлийн асуудлыг хэлэлцэх үед гишүүд ам булаалдан дор дорноо шаагилдсанд тус байнгын хорооны дарга А.Бакей “Дур дураараа ярьснаар хууль тогтоохгүй. Дэгтэй байгаад ирсэн дарааллаараа асуултаа тавьж, хариултаа сонс” гэж хэлээд зандрах, зөвлөхийг хослуулаад авав.

Сайдын сэнтий гэдэг УИХ-ын гишүүдэд их сайхан амттай суудал байдаг бололтой. Боломж л гарвал УИХ-ын гишүүн, сайдын алба хашиж болно гэх заалтыг яаж ийгээд л дэмжүүлчихийг хичээцгээн, уралдах нь холгүй байх. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно, бусад нь парламентаас гадна сонгогдоно гэж заасан байхад л Ерөнхий чиг үүргийнх нь яамдын сайд ядаж УИХ-аас сонгогдсон нь дээр шүү дээ гэж ирээд л МАН-ынхан зүтгэх.

Тэр бүү хэл,  барагтай бол байнгын хорооны хуралдаанд оролцоод байдаггүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг орж ирж хэсэг хугацаанд саатав. МАН-ын бүлгийн гишүүд дунд суучихсан, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой тунчиг чухал яриа өрнүүлсэн. Гэхдээ МАН-ынхан Ерөнхий сайдыг шоглохоо бас юу гэж мартах вэ гэсэн шиг “Манай бүлэгт нэг танихгүй хүн сууж байна шүү” гэцгээн цаашлуулна билээ.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж