Б.Батхишиг, Рой Хонг Сонг нар чансааг тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Б.Батхишиг, Рой Хонг Сонг нар чансааг тэргүүлжээ

Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит 2013-2014 оны лигийн тоглолтын нэг бүрчлэнгийн чансааг ОУХМ Б.Батхишиг, Рой Хонг Сонг нар тэргүүлсэн байна.

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-нд эхэлсэн найм дахь удаагийн лигийн тоглолтод зургаан баг оролцсон бөгөөд алт болон хүрэл медалийн төлөө тоглох багууд тодроод байна. Хоёр тойргийн нийлбэр дүнгээр “Төмөр Транс” 60 оноогоор тэргүүлж, “Таны зам” (55 оноо), “Грандфин” (54 оноо) болон “Бласт” (45 оноо) багууд удаалсан. Улмаар хагас шигшээ тоглолтууд өнгөрөгч ням гаригт болж, “Төмөр Транс” “Бласт” багийг 2:0 (5:3, 5:3), “Грандфин” “Таны зам” багийг 2:0 (5:4, 5:4) харьцаагаар буулган авснаар алтан медаль болон цомын төлөө шалгарлаа. “Таны зам”, “Бласт” багуудын хувьд лигийн тоглолтын хүрэл медалийн төлөө шалгарав. 

Мөн лигийн тоглолтын хоёр тойргийн дараа нэг бүрчлэнгийн чансааг гаргасан бөгөөд эмэгтэйчүүдийг улсын зургаан удаагийн аварга, “Таны зам” багийн тамирчин, ОУХМ Б.Батхишиг 17 хожил, гурван хожигдолтойгоор тэргүүлжээ. “Бласт” багийн тамирчин, спортын дэд мастер М.Дэлгэрмаа (49 оноо), “Төмөр Транс” багийн тамирчин, Монголын бүх ард түмний XIII их наадмын аварга, спортын мастер Б.Эрдэнэсувд (45 оноо) нар удаалав.

Харин эрэгтэйчүүдийг манай улсад урилгаар ирж ажиллаж буй БНАСАУ-ын дасгалжуулагч Чой Юн Хогийн шавь Рой Хонг Сонг тэргүүлсэн бол “Грандфин” багийн тамирчин, ОУХМ Я.Бэгз, “Таны зам” багийн тамирчин, спортын дэд мастер Б.Билэгт нар удаалсан байна.

БНАСАУ-ын 19 настай залуу тоглогч Рой Хонг Сонгийн хувьд манай улсад ирсэнээс хойш олон тэмцээн уралдаанд оролцсон ч нэг ч хожигдоогүй байсан бөгөөд лигийн тоглолтын явцад нэг ялагдал авчээ. Түүнийг “Таны зам” багийн тамирчин, спортын дэд мастер Б.Билэгт хоёрдугаар тойргийн тоглолтод 3:2-ийн харьцаагаар буулган авсан байна.

Аваргын төлөө шалгарсан “Төмөр Транс” багт улсын аварга Э.Лхагвасүрэн, Ц.Гантулга, Б.Эрдэнэсувд болон Рой Хонг Сонг тэргүүтэй залуу тоглогчид багтсан бол “Грандфин” багт улсын аварга Б.Баярмагнай, бүх ард түмний XIII их наадмын дэд аварга А.Анх-Эрдэнэ, ОУХМ Я.Бэгз болон шилдэг залуу тамирчид багтжээ.

Шигшээ тоглолт ирэх баасан гаригийн 18.00 цаг, ням гаригийн 10.00 цагуудаас "Оч" клуб дээр болох бөгөөд түрүүлж, хоёр хожсон баг цом болон хүрэл медалийг хүртэх юм.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж