Данзангийн Нямсүрэнгийн өв

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Данзангийн Нямсүрэнгийн өв

Дорнын яруу найрагч, “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан суу билигт хүмүүн Данзангийн Нямсүрэнгийн яруу найргийн 3 ботийг үзэг нэгт анд нөхөд нь 2010 онд хэвлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, “Ирж буй цаг”, “Амитаба”, “Сарны цагаан үүлс” хэмээх ботиуд нь өдгөө уншигчдын дунд эрэл сурал болсоор байна. Яруу найрагчийн анд нөхөд нь түүний хэвлэгдээгүй шүлгүүд болон захидалуудыг эрэн сурвалжилан цуглуулж байгаагийн зэрэгцээ, гар бичмэлээрээ үлдсэн “Зүүдний тэмдэглэл” хэмээх зөн билгийн номыг нь хэвлүүлэхээр бэлдэж буй аж.

Мөн түүнчлэн Д.Нямсүрэнгийн яруу найргийн бүтээлүүд англи хэлнээ орчуулагдаад байгаа бөгөөд монголын яруу найргийн хүн төрөлхтөнд танилцуулахад нэгэн том алхам болно гэж судлаачид үзэж байна.

Их найрагчийн гар бичмэл, захидал, гэрэл зураг зэрэг үнэт өвийг түүний гэр бүлийнхэн нандигнан хадгалж буй бөгөөд гэр бүл, найз нөхөд нь түүний гэр музейг байгуулахаар ажиллаж байна. Эрээнцав өртөөн дэх амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан дан модон байшинд нь уг гэр музейг байгуулах бөгөөд олон он жил ажил хөдөлмөрөө зориулсан Монголын төмөр замын удирдлагуудад уг жижиг байшинг хувьчилж авах хүсэлтээ тавиад байгаа ажээ. Монголын хамгийн баян байгууллагуудын нэг Улаанбаатар төмөр зам Дорнын их найрагчийнхаа өвийг хамгаалахад гар сунгах байх хэмээн итгэн хүлээж байгаа гэнэ.

Д.Нямсүрэнгийн архиваас хоёр шүлгийг нь уншигчдад толилуулж байна.

 МАНАН ДОТОР ГОЛЫН ЦААНА

Манан дотор, голын наана
Манай суурин үзэгдэхгүй
Манан дотор, голын наана
Магад гашуудалтайяа нэг чоно л
Аа-уу, аа-уу хэмээн улина

Манан дотор, голын цаана
Манай нэг ангуучин бараагүй
Манан дотор, голын дээхэнтэй
Марал од, чонын хоншоор дээр …
Манан дотор цусны туяа гэрэлтэнэ

Манан дотор, голын наана
Манай гэр харагдахгүй
Манан дотор, голын наана
Манкурт нэгэн эм,
“Муу хүү минь, муу хүү минь”  гэж үглэнэ

Манан дотор, голын цаана
Манай Эрээнцав алга …
Манан дотор, голын наана
Хөөрхий нэг хүүхэд чоно л

Аа-уу, аа-уу хэмээн улина
Манан дотор, голын цаана …

1998. 3. 29

БОЛОР ЦОМЫН ДАРААХ ДУУЛЬ

Юм бүхэн байгальдаа байхад би оршдог
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ерөөл хараалаас хаа хамаагүй хол газар
Ердийн дан байшинд амьдран суудаг би

Хаа нэгтээ навчис унах, ус дуслах
Хананд өлгөсөн цаганд зүрх минь цохих
Хаяагаар гүйх оготной, намайг харсаар байгааг
Харанхуйд шувуу дуугарах бүүр түүрхэнд би дуртай

Гүнгэрвааны өмнөх алтан зул бадмалахын цаг дор
Гүмүд цэцэг цоморлигоо сарны туяанд задалдаг
Гөрөөс буухирах баруун голын бургас
Гүн нойронд минь сэрвэлзэн байгаа нь харагддаг

Цаг хугацааг хүмүүнээс хэсэглэн авсан
Цагаан дэрсний хажуугаар явахад
Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэж
Чоно болоод амьтад түүгээр гүйлдэх нь үзэгддэг

Цас орсон өглөөгүүр явсан, тэрэгний мөр зурайж
Цааш одсон хөсөгний чахар чухар эргэх чимээ
Цаглашгүй гүн огторгуйд дуурсан шингээд
Цайвар манан, үл үзэгдэх ахуйд би дуртай

Ерөөл хараалаас ангид хол газар
Юм бүхэн байгальдаа багтахад би байдаг
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ердийн хуучин байшиндаа нуугдан суудаг …

1998.01.28

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж