Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын танилцуулснаар тус яам "Монгол мал үндэсний хөтөлбөр"-ийг цаг үетэй нь нийцүүлж, шинэчлэн батлуулах бодлого барьж буй аж. Статистик мэдээлэл сонирхвол, 2013 онд мал аж ахуйгаас 7.3 мянган тонн ноолуур, 250 мянган тонн мах зах зах зээлд нийлүүлэгджээ. Үүнээс гадна ноос, хөөвөр, сүү, цагаан идээ, арьс шир гээд мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүн их.
Малчдын өрхийн орлогыг тооцож үзэхэд 200 толгой малтай малчных жилдээ 4.8 сая төгрөгийн орлоготой бол 1000 толгой малтай нь 51.6 сая төгрөгийн орлоготой юм байна. Хөдөө аж ахуйн бирж жинхэнэ утаагаар бүрэн дүүрэн ажиллаж, малчид биржтэй харилцах арга ухаанд суралцаад ирэхээр орлого нь мөн өсөх бололцоотой. Түүнийгээ дагаад малчдын амьдрал дээшилж, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахаас эхлээд бололцоо нээгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөл гаргаснаа сайд Х.Баттулга онцлов. Салбарын яамны зүгээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарна. Энэ нь ашиг шим өндөртэй фермэрийн аж ахуй эрхлэхэд малчид, хоршоологчдоо дэмжиж ажиллахад түлхүү анхаарах аж.
Газар тариалангийн салбарт өнөөдөр 34.5 мянган тариаланч ажилладаг. Улсын хэмжээнд нийт 706 мянган га-д тариалалт хийдэг. Ирэх жилүүдэд тариалалтын талбайг нэмэгдүүлнэ. Гэхдээ тариалангийн талбайг нэмэгдүүлэхийн өмнө хөрсний үржил шимийг сайжруулахад илүүтэй анхаарахгүй бол нийт тариалалтын талбайн 80 хувь доройтсон аж. Мөн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд техник, технологио шинэчлэхийн зэрэгцээ борлуулалтын нэгдсэн бодлоготой болохоор зорьж буй юм байна. Агуулах савны хүрэлцээг нэмэгдүүлэх асуудал ч чухал. Энэ бүхнийг газар тариалангийн салбарт баримтлахад бодлогод тусгажээ.
Гэвч УИХ-ын гишүүн Су.Батболд Мал аж ахуйн салбарт баримтлах бодлого улсын бодлого биш, сумын мэргэжилтний хийчих хэмжээний юм УИХ-д оруулж ирсэн нь гутамшигтай байна гээд, "Ийм бодлого оруулж ирэхээсээ Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан ичих хэрэгтэй. Энэ танхимд арзайсан юмнууд сууж байна. "Монгол мал хөтөлбөр"-ийг та бүхэн уншсан уу, судалсан уу. Үнэхээр мал аж ахуйн салбарт маш сайн бодлого гаргая гэж байгаа бол ийм юм оруулж ирж болохгүй. Би сөрөг хүчний гишүүн болохоороо ингэж ярьж буй юм биш, бас та нарыг үзэн яддагдаа ч ингэж хэлээд байгаа юм биш. Эхлээд энэ бодлогоо Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүл. Хуралдаанаас гарсан шүүмжлэл, санаа оноог бодлогодоо тусгаж сайжруул. Дараа нь УИХ-д оруулж ир. Өмнөх парламентын үед Байнгын хороонд мал аж ахуйн салбарт баримтлах бодлого орж ирдэг байсан, маш зузаан бүх зүйл нь ойлгомжтой, судалгаа үндэслэлтэй, зорилт нь тодорхой зүйл байдаг байсан" гэв.
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга "Ичихгүй. Наад бодлого чинь хураангуй хэлбэрээрээ байгаа нь. Тэр бүгдийг танилцуулна гэвэл маш их цаг орох учраас багцалж, жижиглэсэн. Арзайсан гэж харагдаад байгаа наад хүмүүсийн дийлэнх нь хуучин яамных нь хүмүүс." гэлээ.
Эцэст нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусган санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов. Мөн төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Зоригт ахалж ажиллахаар болов.