Асралт хайрханаас сноубордоор буужээ

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Асралт хайрханаас сноубордоор буужээ

Экстрим спорт сонирхогчдын баг Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд авиралт хийж, оргилоос сноубордоор буулт хийжээ. Монголын мэргэжлийн сноубордын холбоо, Уулын хөтөчдийн холбоо, “Оргил өөд” аяллын клубын гишүүд, Орхон аймгийн уулчдаас бүрдсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй баг нэгдүгээр сарын 11-13-нд аялалд яваад иржээ. Тэд далайн төвшнөөс дээш 2799,3 метрийн өндөрт орших Асралт хайрхан оргилыг эзэлж, улмаар сноубордын найман тамирчин, хоёр цаначин, уулчин Г.Өсөхбаяр нарын хамт, нийт 11-үүлээ оргилоос сноубордоор буулт хийсэн байна. Хэдий идэр есийн хүйтэнд аялалд гарсан ч уулын оргилд цаг агаар тогтуун, салхи шуурга багатай, тэнгэр цэлмэг байсан тул авиралт, буулт амжилттай болжээ.

Дашрамд, Мэргэжлийн сноубордын холбооны таимрчид өвлийн хоёр дахь буултаа хийсэн нь энэ аж. Зуны улиралд мөнх цаст дөрвөн оргилоос буулт хийдэг уламжлалтай тэд өнгөрсөн өвөл Бурхан Халдун уулаас сноубордоор бууж байсан юм. Тэдний хувьд 2018 оны өвлийн олимпийн сноубордын төрөлд тамирчдаа сойхоор ийнхүү эртнээс бэлтгэж эхэлжээ.

С.ЦЭЛМЭГ







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж