Америк сэтгүүлчийг ОХУ-д нэвтрэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Америк сэтгүүлчийг ОХУ-д нэвтрэхийг хориглов

Кремлийн эрх баригчид Европын холбоонд нэгдэхийн төлөөх Украйны бослогыг сурвалжилсан америк сэтгүүлч Дэвид Саттерийг ОХУ-д нэвтрэхийг хоригложээ. Энэхүү хэрэгт Европын чөлөөт радио эрх чөлөө радиогийн захирлын зүгээс ОХУ-ын эрх баригчдаас тайлбар шаардаж байгаа гэнэ. Түүнчлэн эх сурвалжууд АНУ-ын сэтгүүлчийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон хэрэг нь сар хүрэхгүй хугацааны дараа болох Сочийн өвлийн Олимпын өмнө хоёр орны харилцаанд сэв суулгасан үйлдэл болсныг онцолж байна.

Дэвид Саттер нь өнгөрсөн 2013 оны есдүгээр сараас хойш ОХУ-ын нийслэлд амьдарч, ажиллаж байсан аж. Тэрээр Москвад байр худалдан авч, төрөл төрөгсдийнхөө хамтаар амьдарч байжээ. Дэвид Саттер Украйнд эсэргүүцлийн жагсаал, бослого гарч эхлэх үеэр Киев рүү зорчиж, тэндээс нөхцөл байдлын талаар сурвалжлага бэлтгэсний дараа буцаж, ОХУ-руу нэвтрэх гэтэл асуудал үүссэн байна. Түүнд өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Гадаад хэргийн сайдын зөвшөөрөлтэй визний баримт ирсэн боловч удалгүй визний зөвшөөрөл хүчингүй болсныг дуулгажээ.

ОХУ нь хүйтэн дайнаас хойш АНУ-ын сэтгүүлчийг улсдаа нэвтрэхийг хориглож, хөөж байгаагүй гэнэ.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж