Улстөрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр тус бүлэгт энэхүү хуулийн төслийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн байр суурийг сонссон байна.
Улстөрийн намуудын тухай хуульд хэд, хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар төлөвлөсний нэг нь УИХ-ын сонгуульд суудалгүй намыг татан буулгадаг болох тухай заалт аж. Одоо үйлчилж байгаа хуулиар улстөрийн намыг байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг, энэ нь буруу хэмээн үзжээ. Өнөөдрийн байдлаар 20 гаруй нам бий аж. Гэвч сонгууль дөхөхөөр улстөрждөг, сонгууль болохоор улстөрийн шантааж хийхээс өөр бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаггүй. Зарим нэг нам нь даргаасаа өөр гишүүнчлэл байдаг эсэх нь эргэлзээтэй юм байна. Тиймээс сонгууль болохоор улстөржиж, амь ордог улстөрийн намуудыг цэгцлэхэд дээрх шалгуур үр дүн дагуулна гэж бүлгийн гишүүд үзжээ.
Мөн дээрх хуулийн хүрээнд улстөрийн намууд гишүүнчлэлтэй байх уу, гишүүнчлэлгүй байх уу гэдэг асуудлыг ч тодорхой болгох юм байна. Түүнчлэн улстөрийн намын үзэл баримтлалыг яаж суулгах, нам нь хэдэн настай байх, улстөрийн намуудад тавигдах шалгуур гээд олон заалтыг төсөлд тусгаж буй аж. Мөн улстөрийн нам нь орон нутагт улстөрждөггүй байх, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь иргэдээсээ сонгогддог байх, түүнд улстөрийн намууд оролцдоггүй болох зэрэг заалтыг Улстөрийн намуудын тухай хуульд суулгаж өгөх зүй ёсны шаардлага тулгарч байна гэдгийг бүлгийн гишүүд хэлжээ.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Сонгуулийн тухай хуулийн төсөл юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Сонгуулийн тухай хууль зайлшгүй хөндөгдөж буй аж. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын гишүүн нь парламентаас гадна сонгогдохыг заасан. Тиймээс Засгийн газрын гишүүнээр сонгогдох хүнийхээ улстөрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэхээс эхлүүлээд олон зүйлийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх шаардлага үүсч буй аж.
Мөн энэхүү хуулийн төсөлд иргэд эрүүл ухамсартай сонголт хийх сонголтыг Сонгуулийн тухай хуульд шигтгэх, ард иргэдийн хуваагдлыг багасгах, асар өндөр сонголтоор сонгууль хийдэг тогтолцоог өөрчлөх. Үндсэн хуультай харшлахгүйгээр сонголт хийдэг болох, ингэхдээ өмнө гаргасан амжилтаасаа ухрахгүй түүнийгээ хамгаалсан Сонгуулийн хуулийг баталж гаргах ёстой гэх байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлсэн тухай Д.Эрдэнэбат дарга онцоллоо.
Хоёр жилийн өмнө болсон УИХ-ын сонгууль нь холимог хувилбараар буюу гишүүдийн 48 нь тойргоос, 28 нь намын нэрээр сонгогдсон юм. Тэгвэл пропорцианаль элемент оруулсан хувилбараасаа ухрахгүй болж өгвөл 38:38 руу орохын төлөө зорино гэх тайлбарыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга өгч байна.