УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд АН 34 суудал авсан. Харин МАН 26, “Шударга ёс” эвсэл 11, ИЗН 2, бие даагчид гурван суудалтай. Ингээд УИХ бүрдэж үйл ажиллагагаа явуулж байгааг иргэд мэднэ. АН-ынхан 1996 оноос хойш анх удаа нар харсан нь энэ. Арван хоёр жилийн турш МАН-ын сүүдэрт явсан тэд гэрэлд гараад “Шударга ёс” эвсэлтэй хамтарч, ИЗН- ыг бөөрөндөө нааж, бие даагчдыг худалдаж авснаар бүхий л зүйл дээр ногоон гэрэл асааж “Yes” хэмээн дуугарах 50 долоовор хуруутай болоод байгаа. Энэ хүчээ тэд ашиглах юман дээрээ гайхамшигтай ашигладаг. Бараг л анхны чуулган дээр тэд 26 суудал бүхий сөрөг хүчинд сүр хүчээ харуулж, олонхиороо түрж бүлэггүй үлдээж байв. УИХ-ын даргыг цөөнхгүйгээр сонгож, байнгын хороодыг сөрөг хүчний оролцоогүйгээр байгуулав. Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүртэл хүссэнээрээ өөрчлөв. Хуулийг уландаа гишгэсэн энэ үйлдэлдээ маш их урамшссан тэд 50 долоовор хурууныхаа ачаар хүссэнээ хүч түрэн шийддэг болсоор удлаа. Нийт 26 суудал бүхий сөрөг хүчний байр суурь хийгээд саналыг нохой хуцаж байгаа төдийд үл тоосоор хоёр оныг үдэв.
Хамгийн сүүлд буюу оны өмнөхөн МАН- ын бүлэг улс орны эдийн засгийг улаан цайм унагаж, ажлаа хийж чадахгүй байгаа хоёр сайдыг огцруулах саналыг баримттай юутай хийтэй нь гаргаж тавихад толгой сэгсрээд л кнопынхоо хүчээр танхимын хоёроо авч үлдлээ. Хүч түрэн асуудлыг шийдэж байгаагаа тэд ингэж тайлбарладаг. “Бид ажил хийх гэж байхад МАН-ынхан хойш нь чангаагаад байна” гэж.Түүгээрээ тархи угаах ажилдаа ч гаршсан. “Ийм ажил хийлээ бид, харин сөрөг хүчин ингэж харлууллаа, гацаалаа” хэмээнэ. “Тунгалаг тамир” кинон дээр гардаг шиг Итгэлт баян Эрдэнэд хадаг барьж очоод “Уг нь би нэгдэлд элсээд ажил хийе үү гэтэл эхнэр зөвшөөрдөггүй ээ” гэсэн худал үгтэй яг адил сонсогдож байгаа юм тэр үг нь. Хэрвээ эрх баригчид дандаа улс орныхоо төлөө, эдийн засгаа аврахаар ингэж шийд гаргаад байдаг бол бас яах вэ. Гэтэл бас тийм биш ажээ. Улс оронд хэрэгтэй зүйл дээр олонхиороо нэгдэх нь дээ гэтэл эсрэг урвал
үзүүлэхийг нь юу гэж ойлгох вэ. Энэ нь саяхны хоёр хуулийн төсөл дээр тод харагдлаа. Ерөнхийлөгчийн оны өмнө гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг санаачилгыг дэмжсэнгүй.
Дэмжсэнгүй ч гэж дээ дэмжиж байгаа мэт харагдавч хэрэгжүүлэхийг нь 2016 оноос гээд гэдийгээд сууж байна. Өөрөөр хэлбэл, тэд “давхар дээл”-ээ тайлахыг хүссэнгүй, хуулийг нь батлуулсангүй. Хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д орж ирсэн. Энэ хууль хэрвээ батлагдвал Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгтэй, гадагшаа ил далдаар гарч буй алтыг Монголбанкинд тушаана гээд олон талын ач холбогдолтой гэж эдийн засагчид дүгнэж буй. Үүнээс өмнө энэ хуулийн гол агуулга болсон алтны татварыг бууруулах өөр нэгэн хууль ганцхан саналаар УИХ дээр унасан юм. Засгийн газраас өргөн барьж УИХ нь унагасан энэ хуулийн төслийн гол буруутан нь АН-ын дарга, Ерөнхий сайд нь өөрөө. Бас Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун нар хуралдаандаа ирээгүй байна. Ингээд өнөөх хуулийн төсөл “будаа” болжээ. Засгийн газрын бодлогод нь УИХ-ын дэмжлэг гэж байхгүй нь энэ мэтчилэн харагдсан билээ. Улстөржсөн асуудал бүр дээр хүч түрдэг олонхи, худалдаж, хуйвалдаж цуглуулсан 50 кноп хаачив аа. Эндээс ийм “үнэр” ханхалж байна. АН гэж улс төрийн машин сөрөг хүчнээ нухчин дарж л байвал нэгдэж, нэг цул болоод 50 хуруугаа ашиглана. Өөрсөддөө хэрэгтэй хуулийн төсөл байвал олонхиороо хүч түрнэ.
Харин Монгол Улсад, эдийн засгийн өсөлт болоод ард түмэнд хэрэгтэй хууль, шийдвэр тэдэнд онцын хамаагүй ажээ. Тэгсэн хэрнээ хуулийн төслийг унагасан, чуулганы ирц дутах бүрт сөрөг хүчин болох МАН-ыг буруутгах нь хамгийн инээдтэй. Улсын эдийн засагт хэрэгтэй хууль, долларын өсөлтийг зогсоох шийдвэр, ард түмний амьдралд наалдацтай төрийн бодлого гээд олуулаа сайхан
амьдрахын төлөө тэд олонхийн сүр хүчээ, худалдаж авсан, хуйвалдаж цуглуулсан 50 долоовор хуруугаа ашиглахгүй байна. Харин сонгуулийн урианыхаа эсрэг, олуулаа бус, ордонд орсон хэдүүлхнээ “амжиж идэх”-ийг илүүд үзэж байна. Өнөөдрийн засаг барьж буй эрхмүүдийн үнэн дүр төрх ийм ажээ.
Эх сурвалж: "МОНГОЛЫН ҮНЭН" сонин