Аргентин, Боливи, Чили улсад болж буй 2014 оны Дакар раллийн долоо дахь гарааны дараа Монгол Улсыг төлөөлөн оролцож буй ОУХМ Д.Болдбаатар 40:19:47 цагийн амжилтаар 69 дүгээр байрт бичигдэж байна. Дакар раллийн долоо дахь өдрийн гараа өчигдөр Аргентин улсын Салта мужаас Боливи улсын Уюни хүртэл 768 км замд болж ОУХМ 4:22:10 цагийн амжилтаар 63 дугаар байрт шалгарсан юм. Долдугаар гараанд тамирчид хоёр улсын нутаг дэвсгэрт уралдах буюу Аргентиний Салтагаас Боливи улсын Уюни хүртэл нийт 768 км замыг туулна. Боливи улсын Уюни нь 40 сая жилийн настай дэлхийн хамгийн том давсан нуур гэдгээрээ алдартай ба далайн төвшнөөс 3600 метрийн өндөрт байрладаг тул сэрүүн уур амьсгалтай бүс ажээ.
Автоспортын олимп гэдэг Дакар раллийн 2014 оны уралдаанд манай улсаас ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар, ОУХМ Намчингийн Лхамаа, Хадбаасангийн Батболд нар оролцсон. Х.Батболд гуравдугаар гараанд мотоцикль эвдэрсэн учир тэмцээнийг орхисон. Харин ОУХМ Н.Лхамаа тав дахь гараанд төөрч, барианд хүрэхэд 70 км дутуу байхад бензин дуусч тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Б.БИЛЭГ