Хүн бүр өнгөрсөн жилийн алдаа оноогоо дүгнэн, эргэцүүлэл
хийдэгтэй адил нийгэм, эдийн засгийн байдал ямаршуухан байсныг стастистикчид
дүгнэж, өнөөдөр тойм мэдээлэл хийлээ. Төрийн түшээд, сайд, дарга нарын хувьд
өнгөрсөн жил олны амыг бүтэлгүй байдлаар таглах арга нь эдийн засгийн өсөлт Азийн
бусад орнуудтай харьцуулахад өндөр, хоёр оронтой тоондоо байна гэдэг үгийг байнга
хэлж, ярьж, онцолж байв. Гэсэн ч эдийн засаг хүндхэн байгааг мэргэжилтний амнаас
сонсохоос илүүтэй иргэд хэтэвчин дэх тоолдог хэдээрээ хэмжээд дөнгөчиж
чадахтайгаа байгаа.
Статистикчдийн дуулгаснаар өнгөрсөн жилийн нийгэм, эдийн
засгийн үзүүлэлтээс буурсан дүн тун ховор. Өнгөрсөн жилийн байдлаар макро эдийн
засгийн байдал ямаршуухан байсан талаарх мэдээллийг хүргэе.
Инфляци буюу
мөнгөн ханшийн үнэгүйдэл
Иргэдийн амьдралыг, улс орны эдийн засгийг сөхрүүлж чадах
инфляцийн төвшин өнгөрсөн жилийн дунджаар 10.5 хувьтай байжээ. Харин
арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 1.3 хувь, 2012 оны эцсийнхээс 12.5 хувиар
өсчээ. Арванхоёрдугаар сард ийнхүү өсөхөд усны бүлгийн дүн, хүнсний бараа,
хувцас, гутал, согтууруулах ундаа, тамхины үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Монгол банкнаас инфляцийн төвшин, мөнгөний нийлүүлэлтэд анхаарал тавин
ажилладаг. Тэд инфляцийг найман хувьд хүргэнэ хэмээн амлаж, өнгөрсөн жилийн
эхний хагаст энэ зорилтдоо хүрэхийн тулд орон сууцны ипотекийн зээлийг эхлүүлж
байсан. Тэгвэл оны сүүлчийн хагасаас инфляци бага багаар өссөөр улсынх 12 хувь,
хотынх 11 орчим хувьтай болж хоёр оронтой тоо руу орсон юм. Энэ хэрээр мөнгөн
ханшийн үнэгүйдэл ноёлж, иргэдийн худалдан авах чадвар буурлаа. Инфляци өсөх,
буурахад хүмүүсийн цаг үеийн хэрэгцээ, шаардлага нөлөөлдөг. Зах зээлийн бичигдээгүй
хуулиар бол эрэлт ихсэхэд үнэ дагаад өсдөг жишгээр инфляци тухайн салбар хэдий
үед эрчимтэй болно, тэр үед өсч байна. Тухайлбал, намар хичээл орох цагаар
сургалтын төлбөрийн асуудал хурцдахад инфляцид нөлөөлөхтэй адил, хүйтний улирал
дөхөхөд түлш, дулааны бүлгийн үнэ өсдөг
жишээг нэрлэж болно. Ямартай ч энэ оны инфляцийн зорилтот төвшинг мөн найман
хувь гэдгээр зарласан байгаа.
Орон сууц
хийгээд хүнсний барааны үнэ өсөв
Нийгэм, эдийн засгийн “өсөлттэй” жилийг илтгэх асуудал
бол яах аргагүй өргөн хэрэглээний барааны үнэ байлаа. Өнгөрсөн жилийн хувьд
дээр дурдсанчлан орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо анх удаа нэвтэрсэн.
Хамгийн том айдас бол эдийн засагт их мөнгө орж ирээд, орон сууцны маш их эрэлт бий болохоор үнэ
хөөргөдөх вий гэх. Айдас биеллээ олж, орон сууцны үнэ хоёр дахин өссөн талаар
эдийн засагчид хэлдэг. Статистикчдын онцлох сэдвийн нэг нь мөн энэ бөгөөд
өнгөрсөн жил хуучин, шинэ орон сууц ялгаагүй үнэд орлоо. Ипотекийн зээлийн нэг
онцлог нь хуучин орон сууцнаас сонголтоо хийх боломжтой бөгөөд хэзээ ашиглалтад
оруулсан бэ гэдгээс мэдээж үнэ хамаарах юм. Үнийн тандалтын судалгааг
статистикчдаас тодрууллаа. Уг судалгааг орон сууцны нэг м/кв-ын үнийг өмнөх
жилүүдийнхтэй харьцуулахдаа ашиглалтад орсон хугацаагаар ялган харуулсан байна.
Нийслэлд худалдаалж
буй орон сууцны тухайд /2013 оны эцсийн байдлаар хувиар илэрхийсэн/:
Ашиглалтад оруулсан хугацаа | 2013 IV | % | 2013 IV | % | 2013 IV | |
2010 IV | 2012 IV | 2013 III | ||||
Нийтдүн | 212.2 | 132.8 | 107.2 | |||
Хан-Уул | 199.2 | 133.8 | 107.7 | |||
1970 оноос өмнө | 202.7 | 133.6 | 107.5 | |||
1970 оноос | 209.1 | 133.7 | 108.1 | |||
2002 оноос хойш | 186.6 | 134.2 | 107.5 | |||
Баянзүрх | 205.9 | 133.2 | 106.9 | |||
1970 оноос өмнө | 193.4 | 125.0 | 104.4 | |||
1970 оноос | 210.6 | 134.6 | 107.2 | |||
2002 оноос хойш | 208.7 | 138.9 | 108.6 | |||
Баянгол | 212.3 | 131.6 | 108.5 | |||
1970 оноос өмнө | 195.0 | 129.0 | 107.6 | |||
1970 оноос | 210.8 | 129.2 | 108.0 | |||
2002 оноос хойш | 218.5 | 139.1 | 109.9 | |||
Сүхбаатар | 218.5 | 134.0 | 106.1 | |||
1970 оноос өмнө | 202.9 | 126.4 | 104.3 | |||
1970 оноос | 226.7 | 131.1 | 105.9 | |||
2002 оноос хойш | 214.4 | 141.2 | 107.0 | |||
Чингэлтэй | 220.2 | 131.7 | 106.5 | |||
1970 оноос өмнө | 223.8 | 129.0 | 105.2 | |||
1970 оноос | 219.4 | 134.5 | 107.2 | |||
2002 оноос хойш | 215.1 | 132.4 | 107.8 | |||
Сонгинохайрхан | 214.9 | 133.5 | 106.8 | |||
1970 оноос өмнө | 221.3 | 122.9 | 104.1 | |||
1970 оноос | 214.3 | 133.3 | 106.7 | |||
2002 оноос хойш | 218.2 |
| 137.9 |
| 108.1 |
Ийнхүү дээрх судалгаанаас харахад орон сууцны үнэ хоёр
дахин нэмэгдэж, дундаж амьдралтай хүн өөрийн орлогоор байр авах нь мөрөөдөл мэт
байна. Яах аргагүй олон жилийн зээлээр байр авах шаардлагатай бөгөөд ийм
эрэлтийг үндэслэн барилгын компаниуд үнээ нэмсээр байгаа тухай эдийн засагчид
хатуухан хэлж байна.
Харин өдөр
тутмын өргөн хэрэглээний барааны үнэд ямар өөрчлөлт гарав?
Мах, гурилын үнэ өнгөрсөн жилийн хувьд ч хэцүүхэн байлаа.
Махны хувьд одоо хүнсний зах, худалдааны төвүүдэд дунджаар нэг кг хонины ястай
мах 7580 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн ястай мах 8350 төгрөг,
үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6660 төгрөг, ямааны мах 5650 төгрөгөөр худалдаж
байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.
Харин өнгөрсөн жил дунджаар бөөрөнхий талх-850 төгрөг,
нэг литр шингэн сүү-1500 төгрөг, нэг кг төмс-700 төгрөг, лууван-1500 төгрөг,
сонгино-1500 төгрөг, өндөг-300 төгрөгөөр худалдаж байсан юм. Өмнөх жилүүдэд
ямар үнэтэй байсныг сонирхъё.
Өмнөх онуудын
судалгаа /жилийн дундаж үнэ -төгрөг/
Барааны төрөл | 2009 | 2010 | 2011 | 2012 |
Атар талх | 600 | 630 | 640 | 670 |
Хонины мах /нэг кг/ | 2860 | 3790 | 4130 | 6650 |
Үхрийн мах /нэг кг/ | 3310 | 4300 | 4700 | 7300 |
Шингэн сүү /нэг литр/ | 970 | 1100 | 1050 | 1100 |
Лууван | 1050 | 960 | 1200 | 1200 |
Сонгино /нэг кг/ | 780 | 1050 | 960 | 1030 |
Өндөг /ш/ | 200 | 220 | 240 | 270 |
Ийнхүү хүнсний барааны үнэ өссөнийг айлын эзэгтэй бүр
мэдэрч, цалин дорвитой нэмэгдэхгүй
байгаа тул торонд цуглуулах хүнсний хэмжээ улам бүр багассаар.
Ирээдүйн
баталгааг хангах сангийн орлого нэмэгдэв
Эдийн засгийн орчин дахь мөн нэг чухал асуудал бол ажил
эрхэлж, түүнээс ирээдүйнхээ төлөө даатгалын шимтгэл төлөх асуудал. Нийгмийн даатгалын
сан чухам жилээс жилд нэмэгдэх учиртай нь шинэ боловсон хүчин зах зээлд гарч
ажиллаад түүнээсээ нийгмийн даатгалаа төлдөг болохтой холбоотой. Мөн жилээс
жилд туршлага хуримтлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлж, төлөх шимтгэлээ нэмэгдүүлэх
нь ч нэмэртэй юм. Тэгвэл эдийн засгийн өсөлтийн жилд сангийн орлого нэмэгдсэн
мэдээлэл “өнгө” нэмж байгаа юм. Нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн оны
эцсийн байдлаар 1267.2 тэрбум төгрөг болжээ. Үүнээс зарлага 1054.2 тэрбум төгрөг байсан нь өмнөх
оны мөн үеийнхээс орлого 160.3 тэрбум төгрөг буюу 14.5 хувь, зарлага 110.8
тэрбум төгрөг буюу 11.7 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Сүүлийн жилд уг сангийн
орлогыг нийгмийн өөр салбарт хөрөнгө оруулах байдлаар эргэлдүүлж, эдийн засгийн
үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг ярих болсон ч одоогоор тоймтой шийд гаргаагүй
байгаа. Ямартай ч нийгмийн даатгалын сан арвин байх тусам та бидний ирээдүй
илүү найдвартай байх юм.
Унасан гэдэг нь
тодорхой салбар
Өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцийн төвшин, сангийн
орлого, халамж тэтгэвэр нэмэгдсэнийг дээр онцолсон ч улсад чухал нөлөөтэй ашиг
орлого унасан салбарыг энд дурдахгүй өнгөрч болохгүй нь. Энэ бол гадаад худалдаа.
Монгол Улс өнгөрсөн онд нийт 135 оронтой худалдаа хийж, нийт бараа эргэлт
урьдчилсан дүнгээр 10627.4 сая ам.доллар, үүнээс экспорт 4272.7 сая ам.доллар, импорт
6354.7 сая ам.долларт хүрсэн байна. Түүхэндээ анх удаа импорт, экспорт буурч,
гадаад худалдаанаас 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Гаднаас авах
чадвар ч муу, гадагшаа гаргах боломж ч хомсхон жилийг ийнхүү давсан байна.
Ямартай ч өнгөрсөн жил муу талаараа өсөлттэй гарч,
сайнаараа буурсан хэцүүхэн жил байлаа.
У.БОЛОР