Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд тэрбээр “Болор цом” наадмыг анх санаачилж, энэ нь улсын чанартай хамгийн том яруу найргийн наадам болсон билээ. Тиймээс тус наадмыг МЗЭ 85 жилийнхээ ойгоор нутагт нь зохион байгуулахаар болжээ. Өмнө нь “Болор цом” наадам Дархан-Уул, Орхон, Архангай зэрэг аймгуудад зохиогдож байсан бол энэ удаа орон нутагт дөрөв дэх удаагаа болох гэж байгаа нь энэ юм. Харин ойрын өдрүүдэд энэ жилийн цомын эзэн хэн байх талаар эзэнтэй, эзэнгүй тааврууд хөвөрч байна. “Энэ жил залуучуудынх болох байх” гэсэн таамгийг өнгөрсөн 85 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн дээр ахмад зохиолчид хэлж байсан бол МЗЭ-ийн шагналт, түрүү жилийн дэд байрын шагналт Б.Мягмаржав найрагчийг авчихаасай гэх нь гарч байсан юм. “Болор цом-30” наадамд сайн шүлгүүд уншиж түүнийг түрүүлэх нь гэсэн яриа үзэгчдийн дунд явагдаж байсан ч эцсийн мөчид шүүгчдийн дүн гарахад яруу найрагч Н.Гантулга хүртсэн юм. Мөн яруу найрагч Базарсадын Баттулга болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш нарын нэр ч сонсогдож байгаа бол Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа болохоор “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоог гурав дахь удаагаа түрүүлж магадгүй гэдгийг зарим нь хэлж байна.
Ямартай ч Пүдо агснаас эхлээд “Болор цом”-ын хоёр удаагийн эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, МЗЭ-ийн гишүүн С.Дамдиндорж гээд олон сайхан найрагчдийн өлгий болсон өврийн сайхан хангай нутагт энэ жилийн түрүү тодрох юм. Олон авьяастнаас онгод билгээрээ цойлж, хэн гэгч яруу найрагч цом өргөж, эгшиглэнт Янжинлхамын авшигийг хүртэхийг уншигч, сонсогч бид энэ сарын 25-нд харах л үлдлээ.