Компаниуд нь хамгаалалтын байгууллагатай дунджаар сард сая гаруй төгрөгийн “хамгаалалтын гэрээ” хийдэг бол хамгаалагчдын авч байгаа дундаж цалин нь суутгагдсаар сардаа 250 төгрөг хавьцаа болдог гэнэ. Өөрийнх нь хийсэн ажлын дөрөвний нэгийг нь өгөөд үлдсэн дөрөвний гурвыг нь авч байна гэхээр яавч шударга санагдахгүй нь.
Нэгэн хамгаалалтын байгууллагаас гарсан залуу шахааных нь талаар дараах гомдлыг хэлсэн юм. “Хамгаалалтын компани гэж давхар шахааны бизнес хийдэг болчихсон шүү дээ. Эхний цалин бол аваад байх зүйлгүй. Зах дээрээс 3000 төгрөгөөр хар малгай бөөндөж авчраад 6000 төгрөгөөр заавал авч өмс гэдэг. 5000 төгрөгийн бүсийг 12000 төгрөгөөр шахдаг. Өвлийн энэ гутлыг ч гэсэн би компаниасаа биш зах дээрээс авсан бол гурав дахин бага үнээр олоод л авчихна” гэнэ.
Мөн хамгаалалтын компаниуд нь хөдөлмөрийг шударгаар үнэлж чаддаггүй учраас тогтвортой ажил эрхлэлт гэж байдаггүй, хөдөөнөөс ирсэн залуус, оюутнууд голдуу хэсэг хийж байгаад гарчихдаг гэнэ. Мөн хал цэргүүд шигээр өөрсдийгөө төсөөлдөг хуучин ах нар нь дарамталдаг, архи нэхдэг гээд жижигхэн мэт том асуудлууд байдаг аж.
Бизнес эрхлэх нь эрхийн асуудал. Гэвч үүрэг, хариуцлага гэж бас бийг хамгаалалтынхан мартаж хэрхэвч болохгүй. Хөдөлмөрийн мөлжлөг гэх зүйл түүхэнд л байх ёстой болохоос биш одоо байлгана гэж бодож байгаа бол эндүүрч. Угтаа бол компаниуд бид гэрээтэй хамгаалалтын компанид шаардлага тавих аргаар ийм шударга бус байдлыг засчих боломжтой. Байгууллагаас хамгаалалтад зориулж шилжүүлж буй төлбөрийн ядаж 50 хувь нь энд ажиллаж байгаа хамгаалагчид очих ёстой гэх заалт хийж болно шүү дээ. Үр дүнд нь бүгд л сэтгэл хангалуун ажиллая.