Хэвлэлийн менежментийн практик зөвлөгөө тодотголтой энэхүү номынхоо өмнөтгөлд сэтгүүлч бүсгүй маань ийн өгүүлжээ. “Монголын сэтгүүл зүйд хамгийн алдаж яваа орон зай бол хэвлэлийн менежмент. Сэтгүүлч олон болж. Харин тэднийг удирдан үлгэрлэх чадварлаг менежерүүд хаа байна вэ? Бидний алдааг давталгүй, харин амжилтыг буухиалах сэтгүүл зүйн шинэ менежерүүдийг гараанд хөтлөх мөч иржээ. Редакцийн соёл, зарчим, ноён нуруу, хүн чанар болж чадах залуу удирдагч Танаа энэхүү номыг үлдээе” гэжээ. Өдөр тутмын сонины цаг наргүй хүчир хөдөлмөрийг бид хамтын хүчээр л нугалдаг. Үдшийн бүрийд сонин буусны дараа ядарсанаа мэдэрдэг ч маргааш өглөө нь будаг нь үнэртсэн сонины шинэхэн дугаарынхаа хуудсыг эргүүлэх нь өмнөх өдрийн ядаргаагаа тайлдаг. Ядаргаагаа тайлаад л дараагийн өдрийн дугаартаа ханцуй шамлан ордог доо. Эцэс төгсгөлгүй энэ ажлыг арваад жил нугалсан хүний үг ямар ч их дээд сургуулийн дипломоос илүү үнэтэй. Өнөөгийн нөхцөлд сэтгүүл зүйн цаашдын хөгжилд редакцийн удирдах түвшний хүмүүсийн чадавх, зарчим Л.Болормаа сэтгүүлчийн бичсэнчлэн “эргэлтийн цэг” болох ёстой.
Сэтгүүлчид маань ном гаргадаг ч гол төлөв өөрсдийн бүтээлийг түүвэрлэхээс биш сэтгүүлчдэд, сэтгүүл зүйн хөгжилд нэмэр болох санаа сэдэл өгөх нь ховор. Тэр тусмаа ямарваа нэг эрх ашиггүйгээр сэтгүүл зүйн төлөө дуугарч чаддаг Л.Болормаагийн гараас гарснаараа энэ ном эрхэм. Эмэгтэй хүний туяхан нуруун дээр багтамгүй ачаа үүрч завгүй яваа сэтгүүлч анддаа амжилт хүсье.