Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 19.6 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 19.6 хувиар өсчээ

-Хөтөлбөр хэрэгжүүлсэн ч ажилгүй иргэдийн тоо буурахгүй байна-

Үндэсний статистикийн хороо өнөөдөр шинэ оны анхны хурлаа хийсэн бөгөөд 2013 оны эцсийн байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тоймлон хүргэлээ. Ингэхдээ уламжлал ёсоор нийгэм, макро эдийн засаг, бусад салбарын үзүүлэлтийг танилцуулсан юм. Үүн дунд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн эцсийн байдлаар өссөн дүнг статистикчид дуулгалаа. Тодруулбал, жилийн эцсээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 42.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс долоон мянга буюу 19.6 хувиар өссөн байна.

Өнгөрсөн жилийн хувьд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил, мэргэжилгүй иргэдийг сургалтад хамруулж, ажлын байранд зуучилсан юм. Ингэхдээ өнгөрсөн жил нийт 6417 хүн уг сургалтад хамрагдаж төгссөнөөс 79 орчим хувь нь ажлын байртай болжээ. Гэсэн хэдий боловч жилийн эцсийн байдлаар ажилгүй иргэдийн тоо 19.6 хувиар өссөн дүн гарсан тухай Үндэсний статистикийн хорооноос ийнхүү мэдээлсэн юм.

 Энэ жилийн хувьд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг үргэлжлүүлж нийт долоон мянган хүнийг дээрх байдлаар сургалтад хамруулах төлөвлөгөөтэйг Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Сургалтыг хоёр ээлжээр явуулах бөгөөд эхний ээлжийн сургалт хоёрдугаар сарын 10-наас эхлэх бол хоёрдугаар ээлж дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, долдугаар сард төгсөх юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж