Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолыг сонгосон бол ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар А.Очирбатын “Буруугүй буруутан”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг өөрийнхөө зохиол болох “Тахиа, нохой, гахай”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, Ч.Түвшин Люсиль Флетчерийн “Уучлаарай, та дугаар андуурч”, найруулагч Ч.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” зохиолуудыг тус тус сонгон авч, тайзнаа амьдруулахаар болжээ.
Эдгээр долоон найруулагч энэ сарын сүүлээр хуралдаж, аль жүжгээр төслөө эхлүүлэх эсэхээ шийдэх аж. Мөн энэ онд тавигдахаар төлөвлөөд байсан “Фауст” жүжгийг ирэх жил тоглохоор хойшлуулсан байна.
Н.Наранбаатар “Ярилцлага” зохиолоороо сэтгүүлчийн ёс зүй болон сонгуулиар сонгогдохоосоо өмнө өгөөмөр дүр эсгэж, сонгогдсоны дараа жинхэнэ царайгаар харуулдаг улстөрчдийг хурцаар шүүмжлэх гэнэ. Дашрамд, Н.Наранбаатар найруулагч Буддын шашны тухай жүжиг тавихаар төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор судалгааны шатандаа байгаа ажээ.