
Хотын удирдлагууд хүүхдүүдэд зүгээр нэг амрах эрхийн бичгийг нь өгөх бус, урьдчилан Сэлбэ, Ундраа, Нарс, Жавхлант, Янзага, Нарлаг гээд зургаан зуслангийн дарга нартай уулзан, тэдний үйл ажиллагаатай биечлэн очиж танилцсан байна. Зуслангийн удирдлагуудад хүүхдийн ая тухтай амраахаас гадна эрүүл мэндэд нь онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна. Орлого багатай өрхийн хүүхдүүдийг жил бүр хүүхдийн зусланд амраах бодлого баримтлан, цаашид энэ ажлыг уламжлал болгоно гэдгээ хотын дарга онцлон хэлээд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллах бодолтой байдгаа илэрхийлсэн.
Хүүхдийн инээд цангинасан энэ өдөр тус зуслангуудын хоёр, гуравдугаар ээлжинд амрах болсон бяцхан амрагчид маань зусланд амрах, юу бэлдэх тухайгаа хоорондоо ярилцан баяр хөөрөөр дүүрэн байлаа.
Г.Даша