Хүүхдүүдэд саагийн эсрэг вакцин хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд саагийн эсрэг вакцин хийж байна

Цочмог сул саажилт буюу халдварт саагийн вакциныг 0-3 насны хүүхдүүдэд хийж эхэлжээ. Учир нь энэхүү өвчний дэгдэлт манай оронтой импортын харилцаатай байдаг улс орнуудад өндөр байгаа юм байна. Тавдугаар сараас хойш дэлхийн 14 оронд 202 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Энэхүү өвчин нь манай улсад 1963 онд анх бүртгэгдсэн бөгөөд хамгийн сүүлийн тохиолдол нь 1993 онд бүртгэгдэж байжээ.
Дэлхийд сүүлийн арваад жил халдварт саагийн голомт бараг тасраад байсан ч өнгөрсөн сараас тархалт нь нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Халдварт саа нь ихэвчлэн бага насны хүүхдэд тусдаг бөгөөд өвчний вирус гар, амаар дамждаг гэнэ. Учир нь өвчний вирус бүхий л төрлийн хоол хүнсэнд үүрлэн бусдын биед эзэн суутлаа тээгдэх чадвартай байдаг аж.
Иймд эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний тарилга вакцинд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорнод аймгийн 0-3 насны хүүхдүүдийг хамруулах болсон байна. Вакциныг 14 хоногийн зайтай хоёр удаа хийх бөгөөд эхний тунг энэ сарын 15-20-ны дотор, хоёр дахь тунг ирэх долдугаар сарын 5-10-ны хооронд тарьж дуусгахаар төлөвлөжээ. Тарилга вакциныг харьяа дүүргийнхээ эмнэлэг дээр очиж хийлгэх бөгөөд ямар нэгэн төлбөр төлөхгүй гэнэ.
Дашрамд дурдахад уг өвчин нь хүнд, хөнгөн гэсэн хоёр хэлбэртэй байдаг аж. Хүндээр өвдвөл амь насанд ч хүрч болзошгүй бол хөнгөн хэлбэрээр туссан үед насан туршийн өрөөл татанхай, тархины саажилттай болж үлддэг байна. Халдварт саажилт орж ирэхгүй гэх баталгааг манай улсын хууль хяналт, эрүүл мэндийн салбарынхан гаргаж өгч чадахгүй байгаа. Иймд ард иргэдийг тарилга вакциндаа өргөнөөр хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж