Усанд осолдогсдын тоо буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Усанд осолдогсдын тоо буурахгүй байна

Дулааны улиралтай холбоотойгоор анхаарал болгоомжгүй үйлдлээсээ болж гол, усанд унаж, осолдох иргэдийн тоо буурахгүй байна. Тухайлбал;

-Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн “Ченжийн тохой” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр “Ховд” их сургуулийн Байгаль экологийн ангийн оюутнууд зугаалгаар явж байгаад 23 настай, эрэгтэй Б нь 22:00 цагийн орчимд аймгийн төв рүү /5 км зайтай/ ганцаараа алхаж яваад сураггүй болсон билээ. Мэдээллийн дагуу  дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын дарга тэргүүн дэслэгч Ж.Батнасангаар ахлуулсан гурван аврагч, нэг автомашин техник хэрсэлтэйгээр “Буянт” голд эрэн хайх ажиллагааг явуулж, “Оцон чулуу” гэдэг газраас тав хоногийн дараа буюу өчигдөр цогцсыг олж гаргасан байна.

-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн нутагт энэ сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчим аймгаас 120 км  газарт орших  “Ховд” голд 12 настай, эмэгтэй А, 10 настай, эмэгтэй С нар унаж осолдсон байна. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээс тэргүүн дэслэгч Т.Эстайгаар ахлуулсан найман аврагч, нэг автомашин техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа явуулж өчигдөр  “Хуст үзэг” гэдэг газраас С-ын цогцсыг олж гаргасан байна. Одоо М-ын цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
                 
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Туул голд цогцос байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах отрядын бүлэг очиж, 20 настай, эмэгтэй Б-гийн цогцосыг уснаас гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Одоогоор усанд осолдсон зарим хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилсээр байна. Үүнд:
-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын тавдугаар багийн нутаг, “Дэлгэрмөрөн” голд өчигдөр тус аймгийн Арбулаг сумын харъяат 41 настай, эрэгтэй Д ус руу ороод гарч ирээгүй тухай мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын дарга шадар ахмад Б.Батцэнгэлээр ахлуулсан найман алба хаагч, нэг автомашин техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулж байна.
-Мөн аймгийн Төмөрбулаг сумын  хоёрдугаар багийн нутаг, “Согтуугийн булан” гэдэг газар энэ сарын 15-ны өглөө морьтой явсан 73настай, эрэгтэй М нь  Дэлгэрмөрөн голд унаж осолдсон байж болзошгүй тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын бүлгийн дарга дээд түрүүч А.Батболдоор ахлуулсан зургаан албан хаагч, нэг автомашин техник хэрэгсэл, сум орон нутгаас 25 хүн эрэн хайх ажиллагаа явуулж байна.  Эрэн хайх ажиллагаа явуулж байх эн үед “Буянт” голд тус аймгийн Буянт сумын харьяат 50 настай, эрэгтэй Т-гийн  цогцсыг олж, аймгийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.    
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж