Хувийн сургуулиуд нэгдвэл газартай болох боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Хувийн сургуулиуд нэгдвэл газартай болох боломжтой

Монгол Улсын засгийн газрын хуралдаанаас “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох яамдын сайд, аймаг,нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Эхний ээлжинд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулахаар чиглэлд тусгажээ. Харин төрийн бус өмчийн сургуулиуд 5-10 мянган оюутантай болон нэгдэж, нийлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж газар олгохоор төлөвлөсөн байна. 
Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлнэ. Ховд аймаг дахь “Ховд” их сургуулийг баруун бүсийн, Дорнод аймгийн “Дорнод” дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон, Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургууль байгуулж хөгжүүлэхээр болжээ.
Хотхоны ашиглалтын өмнөх захиргааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэд байгуулан ажиллахаар тогтоод байна. Төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан оюутны байрны тодорхой хэсэг, үйлчилгээний нийт байгууллагыг хувийн хэвшлийн хүч, хөрөнгөөр байгуулна. Хотхонд Шинжлэх ухааны академийн зарим хүрээлэн, төвийг байршуулах нь шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн уялдааг системтэй болгож, үр дүнг сайжруулах нөхцлийг бүрдүүлнэ гэж үзсэн бөгөөд их сургуулиудын хотхон нь нэгдсэн том мэдээллийн төв буюу номын сан, биеийн тамирын танхим, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудтай байхаар төлөвлөжээ.
Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж