УИХ-аас уг тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, өнгөрсөн жил зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байсан бол энэ жил цар хүрээг нь тэлж, бүх аймаг, нийслэлийн анхан шатны тэмцээнд оролцсон нийт 1200 орчим тамирчнаас 120 гаруй шилдэг шатарчныг шалгаруулж оюун ухааныг нь уралдуулсан юм. Тэдгээрээс 96 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй шатарчид бөгөөд УИХ-ын харьяа төрийн байгууллагуудын албан хаагч 33, шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат 10 гаруй тамирчин байлаа.
Тэмцээнийг Дэлхийн болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явуулж, тамирчид нийт 9 өрөг тоглосны дараа эрэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Б.Мөнхбаяр 8 хожилтойгоор аварга болж, алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөг, эмэгтэйчүүдээс Сэлэнгэ аймгийн Г.Номин 7 хожилтойгоор тэргүүлж, алтан медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг тус тус хүртсэн юм. Удаах байранд эрэгтэй шатарчдаас Говьсүмбэр аймгийн Г.Харуулбаатар 7,5 хожилтойгоор шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 800 мянган төгрөг, эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн шатарчин Т.Март 7 хожилтой шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 300 мянган төгрөг тус тус хүртэв.
Тэмцээний гуравдугаар байранд эрэгтэйчүүдээс нийслэлийн Д.Индэръяабүд шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг, эмэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Ж.Даваасүрэн шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 200 мянган төгрөг тус тус хүртлээ. Түүнчлэн эрэгтэй шатарчдаас 4, 5-р байранд Сэлэнгийн Б.Алтантулга, нийслэлийн Б.Энхбаатар нар 7 хожилтой шалгарч, өргөмжлөл, 300 мянга, 200 мянган төгрөгөөр тус тус шагнуулсны дээр тэмцээний тусгай шагнал болох 50-аас дээш насны хамгийн шилдэг ахмад эрэгтэй шатарчнаар нийслэлийн Г.Саран-Эрдэнэ, хамгийн шилдэг ахмад эмэгтэй шатарчнаар Өмнөговийн Ц.Бадамсүрэн нар тус тус шалгарав.
Мөн саяхан Арабын Нэгдсэн Эмирт Улсад болж өнгөрсөн “Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Б.Мөнгөнзул охинд УИХ-ын дарга З.Энхболд бэлэг дурсгалын зүйл, нэг сая төгрөг гардуулсны дээр Үндсэн хууль баталсны 22 жилийн ойг тохиолдуулан зохиосон шатрын тэмцээнд оролцсон нийт шатарчны дурсгалын зургийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт гардуулсан юм.
Шагнал гардуулж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд уламжлалт тэмцээнд оролцсон нийт хүмүүст баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ жил хүмүүсийн тоглолтын ур чадвар илт дээшилж, жил ирэх тусам сонирхогчын гэдэг ангилалдаа багтахааргүй болж байгаа”-г онцлон тэмдэглээд “Оюун ухааны спортыг дэмжих чиглэлээр бид цаашид УИХ-ын гишүүдээр дамжуулан ерөнхий боловсролын бүх сургуульд шатрын клуб байгуулах санаачилгыг ажил хэрэг болгож, сургууль бүрийг шатрын дугуйлан ажиллуулах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөв мөнгөний асуудлыг шийдэж өгнө” гэсэн амлалтаа давтан хэлж, “Шатар сонихоргчдын хүрээ жил ирэх тусам улам өргөсөн тэлэх болтугай!” гэсэн сайхан ерөөлөөр тэмцээнийг хаалаа.
Үндсэн хууль баталсны 22 жилийн ойг тохиолдуулан зохиосон шатрын тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь болох уг хуулийг батлалцаж явсан АИХ-ын депутат, 93 настай Ц.Лоохууз гуай тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа “Би энэ тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил бие муу байгаад сайн оролцож чадаагүй. Энэ жилийн хувьд бие гайгүй ч бэлтгэл базаахгүй, бас цагаар тоглодогт нь хавчигдаад шагналт байранд орж чадсангүй. Гэхдээ 2 өдрийн тоглолтонд бас ч үгүй 2 хожилтой шүү. Ах нь шинэ Засгийн газрын шинэлэг бодлого, шинэ уур амьсгалд их баярлаж яваа. Хойтон жилийн тэмцээнд заавал оролцож шагналт байранд орно гэж найдаж байна” гэсэн юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.