Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/ ерөнхийлөгчөөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал Б.Баттүвшин сонгогдсон байна. Тодруулбал, АЗХ-ны их чуулганд оролцож байгаа 150 гаруй гишүүнээс Б.Баттүвшин 51.6 хувийн дэмжлэг авсан бол түүнтэй хамт өрсөлдсөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг 46.8 хувийн санал авчээ. Ингэснээр тус холбоог удирдаж байсан УИХ-ын гишүүн Б.Болор АЗХ-ны ерөнхийлөгчийн суудлаа Б.Баттүвшинд шилжүүллээ.
АЗХ-ны их чуулган зарлагдсан даруйд Ардчилсан нам дотор дээрх холбооны ерөнхийлөгчийн суудалд суух марафон эхэлж, фракци бүр хүнээ сойсон ч “Нэг ардчилал” клубт харьяалагддаг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал Б.Баттүвшин сонгогдлоо. АЗХ-ны их чуулган амралтын хоёр өдөр “Чингис” зочид буудалд хуралдсан юм.
Г.ДАРЬ