Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Чапаев нь Монголын урлагт бүтээсэн туурвил бүтээлүүдээрээ үндэсний хөгжмийн уламжлалыг жинхэнэ эртний сонгодог дэг жаягаар нь авч үлдсэн, сэргээн хөгжүүлсэн, түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж яваа билээ. Орчин үеийн драмын жүжиг, үндэсний дуурийн гол, туслах дүрүүдийг орон нутгийн театрын тайзнаа бүтээсэн асар олон талтай уран бүтээлчдийн нэг. Монгол оронд театрын урлагийг үүсгэн хөгжүүлэх, мөн 1930-аад оноос хойшхи Монголын нийгмийн адармаатай түүхэн цаг үеүдийн эрхшээлээр бараг мартагдаад байсан үндэсний урлагийн өв уламжлалыг орчин үед сэргээн хөгжүүлэх их үйлсэд Х.Чапаев нь амьдралынхаа 53 жилийг зориулсан байдаг.
Алс баруун хязгаар Увс аймагт анх 1962 онд Соёлын ордон байгуулагдахад тэрбээр 16-хан настайдаа жүжигчин, хөгжимчнөөр орж ажиллажээ. Тэр цагаас эхлэн хөдөөгийн Соёлын ордонг хөл дээр нь босгох, улмаар Соёлын ордныг Хөгжимт Драмын театр болгон эрс шинэчлэх бүхий л үйл явцыг төрийн бодлогын хүрээнд өндөр түвшинд гүйцэтгэсэн тус Соёлын ордны анхны 24 уран бүтээлчийн нэг билээ. Өөрийн унаган авьяас, уламжлалт гэрийн шавь сургалт, мөн төрийн бодлогоор гадаад дотоодод бэлтгэгдсэн багш нарынхаа шавь сургалтаар хөгжмийн, дууны, бүжгийн, драмын урлагт бие даан суралцаж ХДТ-ын үндсийг тавьж, хөгжүүлсэн анхдагч 24 уран бүтээлч байдаг. Монголын төр хүн амаа урлагаар соён гэгээрүүлэх, урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх бодлогоо шинээр тодорхойлсон 1960-аад оноос эхлэн чухамдаа тэд л Төрийн үүргээс үүрэлцэж байв.
Гавьяат жүжигчин Х.Чапаев нь амьдрал, уран бүтээлийнхээ 53 жилийн нөр их хөдөлмөрийг Монголынхоо урлагт зориулахдаа 1962-1977 онд Увс аймгийн Соёлын ордонд, 1977-1991 он хүртэл Увс аймгийн Хөгжимт Драмын театрт, 1991 оноос Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын театрт дуучин, жүжигчин, туслах найруулагч, Монгол үндэсний соёл урлагийн төвд багш, найруулагчаар ажилласан. Увс, Баян-Өлгий аймгийн театруудын урын санг бүтээлцэхдээ үндэсний хөгжмийн туурвил зүйн хэд хэдэн төрлийг шинээр сэргээж, олон арван шинэ бүтээлүүдээрээ баяжуулан жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тухайлбал, Увс аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байхдаа монгол ардын домогт харилцаа дууг театрын тайзны болон концертын бүтээл болгох санаачлага гарган, домгийг нь судлах, ая данг нь сэргээх, үгийг нь бүрэн эхээр нь сэргээх зэргээр цогцоор нь судалж сэргээснээр харилцаа дуунуудыг дуулалт жүжиг, концертын бүтээл гэсэн хөгжмийн томоохон хоёр хэлбэрээр ХДТ-ын урын санд шинээр оруулжээ. Тэрбээр дуулалт жүжгийн гол болон туслах дүрүүдэд тоглож,өөрөө найруулан тайзнаа тавьсан нь орон нутгийн ард түмнээс өндөр үнэлэлт авч байжээ. Мөн харилцаа дууны концертын бүтээлд нь дуучин, мөн хөгжимчний үүргийг олон жил гүйцэтгэж байв. МУГЖ Х.Чапаевын анх Увс аймгийн театрт санаачлан сэргээж тайзнаа тавьсан монгол үндэсний хөгжмийн томоохон төрөл болох ардын домогт харилцаа дууны концерт, мөн дуулалт жүжгийн тайзны тавилт нь Хөгжимт драмын хэмээх статустай театрын статусыг бүрэн утгаар нь илэрхийлж чадсан тул театрын урын санг бүрэн тодорхойлох гол бүтээлүүд нь болжээ. Энэхүү хөгжмийн театрын бие даасан төрөл жанрыг хөдөөгийн театрт шинээр оруулж ирсэн Х.Чапаевын туршлагыг аймгуудын Хөгжимт Драмын театрууд өөрсдийн театрт хэрэгжүүлж эхлэн ардын домогт суурилсан дуулалт жүжгийг урын сандаа оруулсан байдаг.
Төрийн шагналт, ардын хуурч Г.Жамьяангийн гарын шавь тэрбээр 1993 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дэргэд “Толхын” хамтлаг байгуулж, залуу уран бүтээлчдийн авьяасыг нээж, хөгжүүлжээ. Морин хуур, икэл, домбор, баян, баллайк, хуушуур, шанз, кобыз, ятга, ёочин, бленчер, удар, аман хуур, мандалин, төгөлдөр хуур, гитар зэрэг 17 төрлийн хөгжмийг чадварлаг эзэмшсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Чапаев нь 1990-ээд оноос эхлэн Баян-Өлгий аймагт амьдардаг урианхай олон түмэнд морин хуур, мөн икэл хөгжим зааж сурган, үндэсний урлагийн үнэт зүйлс, хөгжмийн соёлыг түгээн дэлгэрүүлж ирсэн гавьяатуудыг нэг. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч үндэсний цөөнхөд морин хуур зааж сургаснаараа анхдагч болоод зогсохгүй 1991 онд тус казах үндэстний театрт дуучин, жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа анх монгол хэлээр нь тавьсан юм. Чухамдаа олон арван жил зөвхөн казах хэл, казах хөгжмийн уламжлал дээр тулгуурлаж ирсэн Баян-Өлгий аймгийн театрын урын сан ба нутгийн нийт үзэгч сонсогчдод энэ нь онцгой үйл явдал болохын хамт монгол үндэстний олон соёлын хөгжилд өвөрмөц алхам болсон юм.
Гавьяат жүжигчин Х.Чапаев өнгөрсөн хугацаанд үндэсний дуурийн оргилуудын нэг болох “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд 46 жил тоглож, үе үеийн ардын жүжигчин, гавьяат жүжигчин цол бүхий олон арван Нансалмаа нарыг төрүүлсэн байдаг. Тэрээр нийт 1000 гаруй ардын болон уртын дуу, мөн зохиолын дуу, дуулалт болон драмын 100-гаад жүжиг,таван дуурийн гол ба туслах дүр бүтээжээ. Түүнчлэн 16 дуулалт жүжиг, 27 хүндэтгэлийн концерт найруулан тайзнаа тавьж олны хүртээл болгохын зэрэгцээ дэлхийн 40 гаруй улсад аялан тоглолт хийсэн байна.