З.Энхболд тэмцээнийг нээж үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.01.11-нд нийтлэгдсэн

З.Энхболд тэмцээнийг нээж үг хэлэв

Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээж
УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Энд хуран цугларсан эрхэм та бүхэнд энэ
өдрийн мэндийг дэвшүүлж, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн
ойн баярын мэндийг хүргэе.

        Үндсэн
хуулийн өдрөөр хоёр дахь жилдээ уламжлал ёсоор “Сонирхогчдын Шатрын
Улсын Аварга Шалгаруулах тэмцээн” зохиогдож байна. Шатар бол хүнийг
бодуулж сургадаг, биеийн булчингаар бус ухааны даацаар хүмүүжил олгодог
онцгой спорт. Тийм ч учраас Улсын Их Хурал шатрын тэмцээнд ач холбогдол
өгч байгаа. Мөн энэ жил Үндсэн Хуулийн өдөрт зориулан АИХ-ын
депутатуудын хүсэлтээр Үндэсний бөхийн барилдааныг Бөхийн өргөөнд зохион
байгуулахаар болсныг дурдах хэрэгтэй.

        Өнгөрсөн
жил Үндсэн Хуулийн өдрөөр “Сонирхогчдын Улсын Аварга Шалгаруулах Шатрын
Тэмцээн”-ийг зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байсан бол энэ
жил хүрээгээ тэлж, бүх аймаг, нийслэлийн анхан шатны тэмцээнд оролцсон
нийт 1200 орчим тамирчнаас шалгарсан 120 шилдэг тамирчин оюуны хүчээ
сорихоор энд цуглаад байна.

        Шатар
бол Монголын уламжлалт тоглоом болохыг та бүхэн мэднэ. Ганцхан жишээ
дурдахад, шатрын дүрсүүдийн нэр монгол, англи хэл дээр өөр өөрөөр
хэлэгддэг. Англи дээр “King, Queen”, "Bishop", "Knight", "Rook" /Castle/ гэж нэрлэдэг бол бид “Ноён, Бэрс, Тэмээ, Морь, Тэрэг
гэж монголын ард түмний амьдрал ахуйтай холбон нэрлэж заншсан нь европт
шатар үүсэхээс өмнө манай Монгол Улс өөрийн гэсэн уламжлалт шатартай
байсны гэрч гэж би боддог.

     Хүүхдүүд
шатар тоглосноор аливааг урьдчилан харж чадах чадвартай болдог. Үүнийг
монголчууд бид олон нүүдлийн цаадахыг харна гэж хэлдэг. Шатар тоглосноор
стратеги боловсруулах чадвар өснө, нэг нүүдлийн цаадах биш нилээн олон
нүүдлийн цаадахыг харж, улс орны хөгжлийг ч бас олон арван жилээр харж
төлөвлөнө гэсэн үг юм.

        Мөн ой
тогтоолтын чадвар ч өсдөг. Яагаад гэвэл өрсөлдөгчөө хожихын тулд
довтолгоо, хамгаалалтын олон хувилбарыг цээжээр мэддэг болсон байх
шаардлагатай. Мэргэжлийн тамирчид хэдэн зуун мянган хувилбарыг тогтоосон
байдаг гэж судлаачид үздэг. Шатар тоглосноор хүүхдүүд өөртөө итгэлтэй
хүн болж төлөвшдөг. Хичээл номондоо төвлөрдөггүй хүүхэд шатар тоглосноор
төлөвшинө. Шатар тоглодог хүүхдүүд математик, физикийн хичээлд онцгой
амжилт үзүүлээд зогсохгүй хэл бичиг, уран зохиол гээд бусад хичээлдээ ч
илүү амжилт үзүүлдэг байна.

        Ямар ч
хүн шатрыг сурч болно. Ямарваа нэг материаллаг хөрөнгө оруулалт
хэрэггүй. Шатар тоглоход байгалиас заяасан тусгай авьяас чадвар
шаардлагагүй. Наймаг настай балчираас наян настай ахмад хүртэл шатар
тоглох авьяастай байдаг гэдэгт би итгэдэг.

        Орчин
цагийн мэдээлэл, технологийн хөгжил дэвшилттэй холбоотойгоор бид дэлхийн
өнцөг булан бүрт буй шатар сонирхогчидтой интернэтээр шатар тоглох
боломж нээгдлээ. Манай улсын шатарчдын амжилт сүүлийн жилүүдэд улам
ахисаар байгааг тэмдэглэх нь зүйтэй. Саяхан “Өсвөрийн Шатарчдын Дэлхийн
Аварга шалгаруулах Тэмцээн”-д манай улсын тамирчин Б.Мөнгөнзул амжилттай
оролцон мөнгөн медаль хүртсэн нь Шатарын спорт хөгжиж байгаагийн
илэрхийлэл болохыг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар
хэллээ. Энэхүү үйл явдалд бид баяр хүргэх ёстой.

        Оюун
ухааны спортыг дэмжих чиглэлээр бид цаашид Улсын Их Хурлын гишүүдээр
дамжуулан бүх ерөнхий боловсролын сургуулиудад шатрын клуб байгуулах
санаачилгыг энэ жил ажил хэрэг болгоно. Мөн сургууль бүрийг шатрын
дугуйлан явуулах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

        Шатрын
спортыг Улсын Их Хурал улс орон даяар дэлгэрүүлэн хөгжүүлэхэд тодорхой
хувь нэмрийг амаар бус ажлаар дэмжих гэж энэхүү тэмцээнийг эхлүүлсэн
болохыг дахин мэдэгдэе.

        Энэ
жилээс “Сонирхогчдын Шатрын Улсын Аварга Шалгаруулах тэмцээн” мэргэжлийн
түвшинд хүрч байна. Оролцож байгаа бүх тамирчиддаа, түүнчлэн шатар
тоглохоор ирсэн шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын 10 гаруй
депутатууд болон гишүүддээ баяр хүргэе.

  МОНГОЛЧУУДЫН ОЮУН БОЛОВСРОЛ ХӨГЖИН ДЭВШИХ БОЛТУГАЙ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

                            2014.01.11

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж